Friday, June 21, 2013

ХААН ХАЙРХАН, ХАМАГ ДЭЭДСҮҮД МИНЬ ӨРШӨӨ

Хаан Хайрхан, Халдун Хайрхан минь... сайханаас сайхан хангай юм... Үнэхээр сайхан. Би өөрөө жаахан байхдаа зуны амралтаараа дандаа говьд очиж амардаг байсан болоод ч тэр үү хангай нутгийг нэг их сайн мэдэхгүй. Хаа нэг булган хангайн нутагт очиж амардаг байсан ч тун тоотойхон удаа юм.

Үнэхээр үзэсгэлэнтэй, сайхан хангай юм. Урьд олон жилийн туршид, олон зууны өмнө эцэг өвгөд минь энэ нутагт яаж амьдарч, юуг юуг туулан байсан бол гэхээс хайрлахгүй байхын аргагүй. Зовсон цагт ч, ялсан цагт ч энэ л нутгаа тэмцэн, ямар их үйл, ямар их түүхийн гэрч болон өнөөдрийг хүрээ бол гэж бодохоос сэтгэлийн гүнд гуниг төрж, хүүгээ санаж хүлээсэн эх хүн оровч гаравч бараа харан уймарч бариж тависанаа мартдаг шиг л сэтгэл уймран уйлмаар ч шиг болж байлаа. Ер нь хайрханаас гэртээ ирсэн хэд хоногт ч сэтгэлийн уймраа гарч өгөхгүй хэд хонов. Сэтгэлийн ийм мэдрэмжийн хажуугаар гомдол, гэмшил хослон намайг зовооно. Хайрхан тахилгаас хойш өөрийгөө нэг сайтар тогтон шинжих хэрэг гарав.
Энэ л үед  хамаг сэтгэлээ хөнгөртөл, хамаг биеэ халуун оргитол ээждээ зодуулахсан гэж туйлаас их хүсэв. Хавьд мартамгүй үг сонсон гомдож, эсвэл өөрөө буруу зүйл хийн хайртай хүмүүсээ гомдоочихоод босовч суувч тэрэндээ гэмшин унтсан ч зүүдлэн шаналж байсанаас л аль аль нөхцөлд нь хамаг биеэ халуу оргитол зодуулан дараагаар нь нэг сайн уйлж авах нь амар байдаг юм. Хэхэ... Ачит ээж минь байхдаа жилдээ нэг, хоёр удаа ингэж зодон хамаг барцадыг минь арилгаж өгдөг байж билээ. Ээждээ зодуулсан хүний насны барцад арилж аавдаа зодуулсан хүний жилийн барцад арилна гэдэг билүү дээ ийм утгатай үг хөгшчүүлээс сонсож байсан юм байна. Ямар ч байсан урьдын цагт ээж аавууд тамлан зодох биш ухааруулан, хөнгөрүүлэн гар хүрдэг байсан байх.
Би лав ээж болтолоо ээждээ зодуулсан юм. Ээж болсоноосоо хойш зодуулсан эсэхээ санахгүй юм. Бараг үгүй байх. Ээждээ зодуулсаны дараа хамаг бие, сэтгэл хөнгөрөн, бүх болохгүй бүхнийг минь хусан авсан юм шиг л сэтгэл цэлмэн, бие хөнгөрөөд нүдний нулимсаа ч хатаагүй байхад ээждээ үнсүүлэн инээдэг байж билээ. Аяа олохгүй эрхлэн зодуулна, амаа мэдэхгүй тайлбар тавин зодуулдана. Том болсоноос хойш дандаа өөрийн үг хэлээс болж зодуулдаг байж билээ. Би хичнээн үнэнийг хэлэвч том хүний өөдөөс үг хэлэв, эсвэл зулай дээр нь гишгэн төрсөн ганц эгчээ загнав /загнаагүй зүгээр хэлж байхад л загнасан болчихдог байж билээ хэхэ/ гэж мөн их зодуулдаг байж билээ. Энэ 2 тохиолдолд миний үг хичнээн үнэн байсан ч би л бурууддаг байв. Хүн ахтай, дээл захтай гэхийн учир энэ биз. Харин өөр бусдад дээрэлхүүлэн зодуулна гэвэл даанч чадахгүй. Дийлэхгүй байсан ч өөрийгөө болон өрөөлийг өмөөрөн дайрна. Харин Хайрханы тахилгаас ирэхдээ хайртай хүмүүсийнхээ урмыг хугалсан юм шиг санагдан сэтгэл гэж даагдахгүй хүнд оргиод байв. Бие ч мөн адил. Тахилгын дараа буухад буурал минь энэ үр харьж очсоны сүүлээр хэдэн гараг бодох бизээ гэсэн юм. Үнэхээр хэдэн гараг бодов. Ямар сайндаа ингэж байхаар сайхан зодуулахсан тэгвэл борооны дараах нар шиг дороо л сэтгэл хөнгөрнө гэж бодож суухав дээ.
Хайрханы тахилга болох өглөөнөөс эхлэн толгой даагдахаа байв. Хүчтэй том гараар хага базах мэт өвдөнө. Мөн хөөрч баярлах биш нэг л сонин мэдрэмж төрөн байв. Яг ямар мэдрэмж гэдгийг нь тэр үед бариж чадаагүй ч тахилгын үеэр л хагас дутуу ойлгон мэдэв. Буурлууд минь нэг л сэтгэл дундуур мэт, үгүй бол сэтгэл зовсон мэт хачин байв. Бүх улаач нар Хаан Хайрхан, Хаан Дээдсийн зүг харан саран хэлбэртэй хагас дугуйран сууцгаан Хаан дээдэс болон Хайрхандаа, орон хангайдаа, хөхрөх тэнгэртээ, ээх нарандаа хүндэтгэл үзүүлэн сунаж мөргөсний дараа Хаан дээдэс болон үйлэнд заларсан бүх л өндөр дээдүүдэд зориулсан морин хуурын аялгуу, Эртний сайхан хэмээх уртын дууны үед  буурлууд налан мэдрэгдэж уяран хайлж, сэвэлзүүр зөөлөн салхинд өвс ногоо ч ганхан найган хүн байгаль нэгдсэн шиг л санагдаж байлаа. Энэ мөч их тодхон мэдрэгдэж билээ.
Харин бууралаа биедээ залах үед удмын өндөр дээд минь үр надад уурлан байх мэт санагдав. Энэ буултын үеэр сэтгэл үймэрсээр таарав. Чухам аль нь миний мэдрэмж, аль нь буурлын мэдрэмж болохыг ялгаж танихаа байтал төөрөв. Өндөр дээдээ биедээ залан байсан ч толгой хагарах шахсан хэвээрээ л байв. Миний дотор хоёр мэдрэмж зөрчилдөн байв. Нэг нь Хаан дээдэстээ очин золгохыг машид их хүсэн тэмүүлэх /зүгээр нэг сүр оруулах гэсэндээ эдгээр үгүүдийг хэрэглсэн би үнэхээр их хүсэн байсан/ нөгөөх нь харин юу хийж гийгүүлсэн гэж золгох вэ гэж эмээх, хойш суух мэдрэмж зөрчилдөн намайг зовоов. Зовохын учир нь аль нь бууралын бодол аль нь минийхийг ялгахаа байж яахаа мэдэхээ болив. Өөрийгөө буулгаж биеэ чагнаж үзсэн ч учрыг нь ойлгосонгүй. Дахин буурлаа залтал буурал минь түшээгээ дуудан хэдхэн мөр марталгүй дамжуулж чадахуу гээд Хаан Дээдэст үг дайв:
            Хаан Хайрханы өвөр хормойд
Хаан Дээдэс минь залран буйд
Хүрэн зүрх минь хөвсөлзөн булгилаж
Хүрч очин золгоё гэвч
Балчир улаачаа сургаж дийлээгүйд
Баахан зовон сууна би. гэж хэлээд ир гэв.

Буултын дараа би өөрийгөө өмөөрөн  баахан уйлав. Хэхэ хүмүүсээс нууцаар... Би яасан гэж, би аль чадлаараа л хичээж байна, элдэв шалтаг шалтгаан тоочоод хойш суугаад байсан бол болох л байсан, үйлийг нь хийлгэх юмсан, үйлэнд нь саад болчихгүй юмсан, ухаарч ойлгохгүй байж удам судраа баллачихгүй юмсан, нэгэн үе зүтгэн байсан өндөр дээдсүүдийнх ард үлдээчихгүй юмсан, үлдэж хоцрох үр хүүхэд, өнгөрсөнд байсан өвөг дээдсээ одоо байгаа ах дүү нараа аль алийг нь бодон хийх ёстой бол хийж, чадах ёстой бол чадахын төлөө явах юмсан л гэж хичээсэн өөр би яасын гэж өөрийгөө өмөөрөн буурлууддаа гомдол мэдүүлэн баахан уйлав. хэхэ... Бодохоос л нулимс гараад хэхэ... Мөн өөрсдөө сайн хэлээд заагаад өгөхгүй байж гээд мунхаглав. Өөрөө үзэх мэлмийтэй ч сохор мэт, сонсох сонортой ч дүлий мэт, мэдрэх сэтгэл зүрхтэй ч мэдрэлгүй мэт байсан буруугаа өвөг дээдсүүддээ тохон буурал дээдүүдээ гомдоосон байх. Миний буурлууд минь мунхаг намайгаа өршөөж хайрла даа.

Би ямар буруутай, буурал яагаад улаач үрээ сургаж дийлээгүй гэсний учир нь миний сэтгэл болоод үйлдэлд байлаа. Би хичнээн өөрийгөө өмөөрсөн ч энэ бол үнэн юм. Энэ бүхнийг бодон мунхагласны сүүлээр буурал маань буун хэлэв. Гэхдээ энэ буурал бол Хаан Дээдэст айлтгал дамжуулсан буурал биш толгой буурал минь байв. Буурлын минь сэтгэл ч мөн хөндүүртэй байх шиг мэдрэгдэв. “Үрээ дэмнэхгүй өвгөд гэж байх уу, миний үрд нэгэн гэм байна. Үүнийг ч хийх сэн, түүнийг ч мэдэх сэн гэж амаа аван давхих агт хүлэг мэт адган яарах хэрэг юу байна. Тогтон суугаад тунгаан бодно доо. Биеэ засахын учир энэ. Өөрийн биеийн гэмийг олж мэдээд засаж дийлвэл тэр сая биеэ засахын нэр. Түүнийг холоос бүү хай” гэх мэтээр улаач үрдээ сургав.

Мөн “энд ч нэгийг эхлэн, тэнд ч нэгийг эхлэн даахгүй ачаа хураан, хүчээ алдах хэрэг юу байна. хүчээ зөв хуваарил даа. Эхэлсэн нэгээ дүүргэн байж ахиж нэг алх даа. Учиг юунаас баричихаад урагшлан алхаж дийлэхгүй, уяагаа тойрон эргэцэх унаган хүлэг мэт өөрийгөө бүү зовоо” гээд энэ үр өргөө гэртээ харьсаны сүүлээр хэдэн гараг бодох вий гэж хэлээд мордов.
Үүний дараа харин биеэ өмөөрөн бодох бодохгүйг бодон мунхагласандаа гэмшин сэтгэл гэж авах юмгүй болов.
СУРСАН ЗАНГ СУРААР БООХГҮЙ гэж үг байдаг биздээ. Энд л өөрийн биеийг засна гэдэг ямар хэцүүг хэлсэн бололтой. Биеэ л засаж дийлвэл бусдыг засаж дийлэх нь дээ. Биеэ засаж дийлэхгүй бол бусдыг засна гэж санахын ч хэрэггүй юм. Өөрөө мэдсээр байж түүнийгээ засаж дийлэхгүй байх нь хамгийн бэрх юм. Гэхдээ бэрхийн өмнө амар бууж өгөхгүйг л хичээнэ. Яаж ийгээд өөрийн биеэ засахыг хичээнэ. Ингээд би гэртээ ирэн сэтгэлээ хөнгөрүүлэх гэж лавтай гурав хонов. Сэтгэл жаахан хөнгөрч гэмшил жаахан буурсанаар одоо юунаас эхлэхээ жаал бодон жижиг төлөвлөгөө маягийн зүйл гаргав хэхэ. Хаан Хайрханы энэ тахилгаар миний яс махандаа шингээн авсан энэ нэг л зүйл мэт боловч үүнийг бичиж дууссаны сүүлээр би маш их баярлаж байна. Энэ бол миний цаашид хаашаа алхахыг заах хамгийн том олз гэж бодно. ИХ ЗАСАГ хуулинд ч бас үүнтэй холбоотой нэгэн заалт байдаг юм. Тэр нь “ХЭН ӨӨРИЙН ГЭРИЙН АЖ АХУЙ, АМЬДРАЛЫГ САЙН ЗОХИОЖ ЧАДВАЛ ТЭР ХАРЪЯАТ ХҮМҮҮСЭЭ САЙН ЗАХИРЧ ЧАДМОЙ. АРАВТЫГ ЗАХИРЧ ЧАДСАН ХҮНД ЗУУТ, МЯНГАТЫГ ЗАХИРУУЛЖ БОЛМОЙ” гэсэн заалт. Өөрийгөө засан тохинуулж чадсан хүн л өөрийн гэр, амьдрал ахуйгаа сайтар тохинуулж чадах бишүү.  Өрөөл бусдыг захирах гэсэндээ энэ заалтыг иш татсангүй билээ. Харин алив юм бидний жижиг сажиг гэж бодон тоолгүй орхидог тэр бүхнээс л эхэлдэг гэдгийг өөртөө сануулах гэсэн хэрэг. Үүнийг хүн бүр мэдэх ч бас л тоодоггүй билээ.
Хаан Хайрхан, Хаан Дээдэс, Хайрт буурал дээдсүүд минт өршөөн соёрх. Тэнгэр Монгол Газар

2 comments:

  1. Тахилгын үеэр намайг бас буурлуудын энэ бодол, зовнил ихээр шаналгаж байлаа.

    ReplyDelete
    Replies
    1. tiim gej u tegvel adilhan medremjuud baijee

      Delete

Note: Only a member of this blog may post a comment.