Tuesday, October 2, 2012

Эзэн Хаантай уулзсан түүхийн эхлэл



Энэ үйл явдал 2012 оны 01 сарын 02-ны өдөр эхэлсэн юм. Магадгүй оюун санаа, зөн мэдрэмжийн хувьд түүнээс ч өмнө эхэлсэн байж ч болох юм гэж сүүлд боддог болсон.
Учир нь хэзээнээс эхэлснийг бүү мэд, би өөрийн маш чухал ямар нэг зүйлийг ор тас мартчихаад байгаа юм шиг, эсвэл өөрийнхөө хамгийн хэрэгтэй зүйлийг алга болгочихоод эрээд ч байх шиг, эсвэл хэн нэг дотны хүнээ мартчихаад хэн билээ гэж үгүйлээд ч байх шиг нэг л юу гэдгийг нь мэдэхгүй сонин мэдрэмж байнга дагадаг байлаа. Энэ мэдрэмж намайг нилээд удаан зовоосон ч яг ямар хугацаагаар байсныг нь мартаж. Энэ мэдрэмжээс болж заримдаа би маш их гунигладаг байж билээ.

Харин 2010 онд ижий минь өөд болсноос хойш яагаад ч юм ээжийнхээ эх эцэг, нутаг усыг нь маш ихээр санаж, бүүр очиж үзмээр санагддаг болов. Миний ээжийн төрсөн ээж нь Хөвсгөлийн Булнайн ар гээч газраар нутагладаг айлын хүүхэд байжээ би тэр нутагт нэг ч удаа очиж үзээгүй юм. Харин аав нь Булган нутгийн хүн тэнд бол хэд хэд очиж үзсэн ч ээжийнхээ төрүүлсэн болон өргөж авсан аав ээжийг нэг ч удаа хараагүй, тэдний талаар юу ч мэдэхгүй, бүүр төрсөн ээжийнх нь нэрийг нь ч мэддэггүй байлаа. Биднийг жаахан байхад л тэдгээр буурлууд өөд болсон байх, төрсөн ээж нь ээжийг минь жаахан байхад өөд болсон болохоор яаж ч мэдэхэв.
Энэ тэмдэглэлийг уншиж байгаа хүн байвал миний энэ уйтгартай дурсамжуудыг /хэхэ надад бол сайхан ч таньд бол уйтгартай санагдаж мэдэх/ бага зэрэг тэвчээр гарган уншаарай гэж хүсье.
Харин би гэдэг хүн аавийнхаа ээж аав /бас л өргөж авсан. Өргөж авсан ч гэж дээ аав маань төрсөн эцгийнхээ төрсөн ахынд нь урвачихсан юм гэнэ лээ хэхэ... сонин шүү төөрч төрсөн үр нь юм байлгүй. Ах дүү хоёрынх айл зусч байгаад аавынх нь нүүх болоход аав маань “тэр миний гэр” гэж хэлээд үлдчихсэн гэдэг. Харин ээж нь хүүгээ нэг үнсээд л тэр чигт нь хадам ахындаа үлдээчихсэн юм гэсэн. Өргөж авсан аав ээж нь нэг ч төрсөн хүүхэдгүй. Төрүүлсэн аав ээж нь маш олон хүүхэдтэй. Ээж маань ч бас л ижижл хувь тавилантай. Тийм хэдий ч тэдгээр буурлууд ээж аавыг минь маш сайн өсгөсөн дөө. Тийм ч учраас би тэдгээр буурлуудыг ээж аавын минь цусан төрөл, төөрч төрсөн эх үрсүүд гэж боддог юм... Төрсөн ах дүү нараасаа хамгийн ухаантай, сайн яваа, сайхан сэтгэлтэй, бусдыгаа авч явдаг нь манай аав ээж 2 байлаа даа. Ээж маань бүүр ч гаргууд. Үнэхээр эрэлхэг, дайчин, зоримог, шудрага, шулуун, маш их ухаантай, цогтой, золбоотой, насан туршдаа бусдын л төлөө амьдарсан, аливаа юмыг оройлж явдаг хүн байсан юм даа. Бас их хөөрхөн, өндөр, гоё биетэй хэхэ... ээжийг минь залуу байхад эргэж хардаггүй эрэгтэй хүн байдаггүй байсан гэж найз нөхөд нь ярьдаг юм хэхэ.... харин би эсрэгээрээ...гол нь тууштай байдал, зоримог, дайчин чанараараа ээжийнхээ хаана ч хүрэхгүй...гэхдээ тэдний үр удам болохоор чамлахын төдий байгаа гэж итгэнэ... Би яг одоо ээжийгээ маш их санаж байна. Бас санаад уйлж байна............................./
Өөө юу бичих гэж байгаад хадуурчихваа. Аа тийн. Би тэгээд багадаа аавынхаа нутагт жинхэнэ тал нутагт өссөн хүүхэд. Намар өвөл хавар нь хотод хичээлдээ бусад үед тас хар царайлаад тал нутагт хүлгийн нуруун дээр хэхэ... хөдөөний баньди нартай нийлээд морин дээрээс дэрсний толгой шүүрсэн шиг, уралдаж давхисан шиг, өглөө адуунд явсан шиг, өдөр нар үнэртүүлээд хонинд гээд л... Энэ бүхэндээ би дуртай байсан, хайртай байсан. Өөрөө хүсдэг байсан учраас л тэр. Тэр говийн жижигхэн бор толгод, тал нутагтаа би ХАЙРТАЙ...
Энэ бүхнийг нуршихын учир ээж аавд минь байсан, тэднээс надад өвлөгдсөн ирсэн дүр төрх, зан чанар бүхэн минь миний төсөөлөхчгүй байгаа өндөр дээд өвөг, эмгүүдээс минь өвлөгдөн ирсэн зүйл бөгөөд би тэдний тасраагүй урсгал учраас бичихээс ч өөр аргагүй. Энэ л урсгалын ачаар би ХААН ДЭЭДЭСээ эргэлзээгүй таньсан. Харин ТАНЬСАН ШИГЭЭ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГААдаа өөртөө дургүй хүрч, өвөг дээдүүдийнхээ үйлийг, алдрыг таслах вий гэхээс сэтгэл гундах юм ... Гэхдээ би хоосон гундаж, гандаж явахгүй ээ чадахаасаа чадахгүйгээ хүртэл үзнэ...
2012 оны 01 сарын 02. Энэ өдөр анх ДЭЭДСИЙН БЛОГЫГ олсон юм. Хэрэв би буруу санаагүй бол тэр өдөр шинэ долоо хоногийн ажлын анхны өдөр байсан санагдана. Тэр өдөр Дээдсийн блогыг өөр нэг бөөгийн блогын сэтгэгдэл дотроос линкийг нь олж аваад орж үзсэн юм. Хэдэн жилийн өмнө нөхрийг минь угтай гэж нэг хүн хэлснээс хойш 2011 оны хавраас эхлэн би “БӨӨ” гээчийг сонирхон судалж эхэлсэн юм байна. Тэгээд “Тэнгэрлэг ертөнц” гэх блог хөтлөгч нэгэн судлаач руу захидал бичин ямар ном унших хэрэгтэй, сайн хүн мэдэх эсэх талаар нь асууж тэр хүн надад уншиж судалвал зохих хэдэн номны жагсаалт болон Чинбат, Эрдэнэ тэргүүтэй 5 6 хүний утасний дугаар болон гэрийн хаягийг нь бичсэн захидал явуулсан байв. Сонирхолтой нь би тэдгээр хүмүүсийн нэг рүү нь ч очих нь бүү хэл утсаар ч ярих сонирхол төрөөгүй юм. Бодвол мундаг л хүмүүс байх л даа. Бас тэдгээр номнуудыг ч эрж хайсангүй хэдэн сар явсаар Дээдсийн блогын холбоосыг олсон нь тэр. Одоо бодоход буурлууд минь л хөтлөөд байсан юм шиг.
Тэр өдөр анх олоод хүү зайрантай нь нэгэн албинтсан охин тааралдаад салж өгөхгүй зууралдсан тухай нийтлэл уншив. Үнэнийг хэлэхэд тэр тэмдэглэлийг уншаад тэр өдөр дахиж цааш нь уншаагүй юм. Харин маргааш нь ажлаа хийгээд сууж байхад дахиж уншмаар санагдаад ер болдоггүй. Тэгээд ортол 12 сарын тэмдэглэлүүд байж таарав. Уншлаа. Тэгээд л мэдэхгүй хаанаас нь ч хамаагүй сонирхолтой санагдсан гарчиг руугаа орж уншаад хамаг бие халуу шатаад л яг яагаад байгаагаа өөрөө ч сайн ойлгоогүй. Би ажил дээрээ хамгийн хөдөлгөөнтэй нь, 16уулаа нэг том зааланд сууна,  хэзээний л босоод хамаг амьтдыг ямар нэгэн зүйлд уриалан дуудаад зүгээр сууж чадахгүй хүн хүн дээр очоод үймүүлдэг хүн тэр өдөр нам суугаад нэг ч үг дуугараагүй гэсэн. Манайхан гайхаад л байсан хэхэ... Тэр өдөр ямар ч байсан энэ хүн бөө юм байна, Эзэн Хааны улаач юм байна гэдэг ойлголт авав түүнээс биш би бөөгийн талаар ямар ч ойлголт байхгүй бөгөөд бөө бөөлөхийг нэгхэн сарын өмнө ганц л удаа харсан, бөө гэдэг зүйлээс хол тасархай ямар ч мэдлэггүй хүн байлаа. Би тэр өдөр ер бишийн их догдолсон байсан. Орон зай, цаг хугацааны баримжаагаа алдчихсан, юу нь мэдэгдэхгүй намайг зовоодог байсан нөгөө зүйлээ олсон мэт сэтгэл төрж баярлах ч шиг, догдлох ч шиг, ер нь яагаад байгаагаа ч ойлгохгүй байсаар гэртээ харив.
Урьд нь цаг тулсан ажилгүй бол гэрээсээ нэтэд ордоггүй байв. Хоёр ойрхон жоохон хүүхэдтэй болохоор тийм боломж ч байдаггүй байлаа. Харин тэр өдөр хоолоо хальт мульт хийгээд л нэтэд орж Дээдсийн Фэйсбүүк хаягыг нь олоод мессэж үлдээв. Азаар надад нээчихээд огт хэрэглэдэггүй байсан ФБ хаяг байсан юм. Би ер нь зураг мургаа авхуулах дургүй, тэр ФБ энэ тэрд дургүй хүн байсан юм хэхэ гэтэл одоо улаан ФБчин болждээ хөөрхий... би тэр өдөр яг ямар мессэж үлдээснээ санахгүй байна. Яагаад гэвэл тэр хэдэн өдөр би өөрийн ухаангүй байсан. Юу болоод байгааг ч ойлгох, ухаарах сөхөөгүй яг нэг юманд ховсдуулчихсан юм шиг л хэхэхэ... таньтай хурдан холбогдмоор байна л гэдэг утгатай мессэж үлдээсэн байх. Өглөө нь ажилдаа очоод шалгахад хариу ирж өөрийн yahoo id-аа өгсөн байв. Түүнийг нь нэмчихээд л уншаад, догдлоод л хүлээж байтал бараг цайны цагийн үеэр Дээдэс ороод ирэв. Хичнээн их догдолсон гээч. Зүрх бараг ойр хавийн хүн бүрт сонсогдохоор хүчтэй цохилж, нүүр халуу шатаад л чих мих хамаг юм чимчигнээд явчихдаг юм байна хэхэ. Энэ бүхэн ямар богинохон хугацаанд болж байгааг та төсөөлж байгаа биздээ. Зарим нь ч над шиг ингэсэн л байх хэхэ... Тэгээд л мэнд мэдээд шууд л эрүү ам чичигнээд явчихдаг юм байна. Тэгээд яг хүү шигээ царай гаргаад том том нулимс хоёр нүднээс под под гэж дуссанаа тасралтгүй урсаад эхлэв...бүүр болъёо гэсэн ч больж чадахгүй. Манай ажлынхан мэл гайчихсан яасан бэ гээд ирэхээр нь уурлаад хөөв. Хэхэ...
Эрүү чичрээд нулимс урссан хэвээр. Яг нэг хамгийн дотны хайртай эрхэм хүндээ туниж гомдон, эрхэлж байгаа мэт болон хэзээний танил юм шиг үнэн сэтгэлээсээ эрхлэн уйлав. Энэ үеийг би хэзээ ч МАРТАХГҮЙ. Тэгээд бага зэрэг тайвшран, уйлаад байгаагаа хэлж, бас яагаад уйлаад байгаагаа асуулаа. /Би уг нь Дээдэстэй мэссэнжэрдсэн анхны бичлэгүүдээ хадгалсан байсан юмсан. Харамсалтай нь компъютэр солиход устжээ. Энэ дөрбөлжин хард найдалтгүй шүү/ 
Тэгэхэд Дээдэс Хаан тэнд бас догдлоод уйлсан тухай хэлэв. Үүнийг сонсоод дахиад л уйллаа. Тэгээд би ямар учиртай, юун хүн ингээд догдлоод байгаагаа асуулаа. Нэг зүйлийг хэлэхэд тэр өдөр маш их догдолсон байсан тул Хаан болон Дээдсийг сонсохгүй өөрөө л баахан урсгаад байсанаа дараа нь уншаад мэдсэн юм хэхэ... Өршөөгөөрэй Дээдсүүд минь. Би гэдэг хүн “би та нарын нэг мөн үү биш үү” гээд л олон дахин асуусан санагддаг юм. Яагаад тийм асуулт асуугаад байсанаа өөрөө ч гайхдаг. Та нар гэж чухам хэнийг хэлээд байгаа юм бүү мэд хэхэ... би өөрөө ч мэдэхгүй танихгүй атал миний зүрх сэтгэлийн ч юм уу сайн таньж мэдэх тэр хүмүүсийн тухай л асуугаад байсан юм шиг байгаан.
Тэгээд Дээдэс: “-Зүүн гарынхаа ядам хурууг мэдрээдэх дээ” гэв. Би юу ч мэдэрсэнгүй. “- за тэгвэл юутай ч өнөөдөртөө мэдрээд үзээрэй гэв. Тэгээд Сэлхэн удган гэж хүн бий очиж үзүүлээд хэн хэн дагаж, хэрхэн яаж хайрлаж манаж байсан тухайг чинь бүгдийг нь сайхан яриад өгнө, бас зүүн гарын ядам хуруу ямар учиртай вэ гэж асуугаарай” гэв. Нээрээ тэр өдөржин би биеэ чагналаа. Байн байн ядам хуруу руугаа харна. Миний баруун гарын ядам хурууны яг эхний үед нэг сүрхий сорви байдаг юм. Багадаа заазууранд авч байсан хэхэ... тэрийг хэлсийн болов уу баруун гэх гээд зүүн гэчихвүү гээд баахан бодлоо. Би маш их яарч байсан тул /юунд яараад байгаагаа тэр үед мэдэхгүй байсан ч яараад л байсан даг/ орой нь Мөнхгэрэл гэж хүнтэй ярив. Ярингуутаа л шууд Зөвлөх удгантай уулзах юм шиг бодож байсан тул ярьж дуусаад жоохон сэтгэлээр унав хэхэ... Хурдан байгаа биз... Энэ орой би ЭЗЭН БИ ЭРГЭН ИРЛЭЭ айлдварыг уншив. Уйлж нэг, биширч нэг, яг мөн, Хаанаас өөр хэн ч ингэж бичихгүй гээд л урьд нь таньдаг байсан хүн шиг л хэхэ...
Маргааш нь дахиад цайны цагийн орчим Дээдэс орж ирэв. Би бас л уйллаа хэхэ.. өөрийн мэдэлгүй чичрээд байгаа эрүү, өмөлзөөд байгаа ам, урсаад байгаа нулимс, догдлоод байгаа сэтгэлийг яалтай.
Сэлхэн удгантай уулзаж чадаагүйгээ, мөн ярьсан даруйд зөвшөөрөөгүй даргийг нэг амьсгаагаар бараг ховлох шахам юм болов хэхэ.... Тэгээд яг зүүн гарын ядам хурууг хумсны толио өндөг хоёроос нь хавчаад л баймаар чимчигнэсэн мэдрэмж төрсөн тухайгаа хэлж, эрхэлж туниж байж шахам Дээдсээр нэг үг хэлүүлж аваад бүүр орчноос тасраад жингүүдээд хэн гэдгээ ч мартчихсан явсан байхаа тэр өдөр хахаха....
Тэгээд тэр долоо хоногийнхоо хагас сайнд Гэрлийн Өргөөнд анх очив. Тэнд бас надтай адил анх очсон нилээд хэдэн хүн бий хэхэ. Хувь тавилан ч байж мэднэ. Тэр өдөр анх таарсан Дээдсүүдийн улаач нарын тухайд дараа бичье. Дараагийн долоо хоногийнх нь нэг дэх өдөр Зөвлөх ирэхийг зөвшөөрснөөр гэрт нь очив. Төсөөлж байснаас минь шал өөр хүн байлаа. Яагаад ч юм тулгар биетэй, цагаан шар удган байх байх гэж төсөөлсөн байв хэхэ... Очихоосоо өмнө Дээдсийн блогоос удганы талаар уншсан байсан тул их хүндэлж байв. хэхэ... Ингээд ярихаар одоо хүндлээгүй юм шиг ойлгож болохгүй шүү одоо бүр ч их хүндлэх шалтгаан над бий хэхэ... Өтгөн хөмсөгтэй, зоримог царайтай, эршүүд залуухан бүсгүй байлаа хэхэ. Над руу харахчгүйгээр “За ярь” гэж хатуухан хэлэх шиг болов хэхэ... би ч дотроо бодол модлыг минь уншдаг болов уу дэмий юм бодохгүй юмсан гэх мэтээр баахан дэмий бодож суусан тул –Айн, юу нөгөө гээд ээрч муурсаар -Зүүн гарын ядам хуруу гээд эхэлтэл:
 –За тэр ийм учиртай юм байгаан. Одоо дагаж яваа нэгэн хатан тань хүн төрөлдөө дайчин хатан байжээ. Дайтаж яваад морьныхоо цулбууранд зүүн гарын ядам хуруугаа эхний үеэр нь тасалж байсан юм байгаа юм. Түүнийг нь дайны талбар дээрээс нь нэг баатар нь олж авчраад эргээд шөрмөсөөр нь нааж байсан юм байна гэв. Үүнийг сонсоод баярлах ч шиг, бахархах ч шиг, гайхах ч шиг, яг л үлгэр шиг. Юу вэ, гэтэл үр болсон миний яг баруун гарын ядам хурууны эхний үе бас гурил хэрчиж байсан заазууранд таслагдах шахаж байсан юм даг. Жоохон байсан ч ясыг нь гартал хэрчүүлсэн байснаа санадаг юм. Идэмхий юм чинь яахав жигнэсэн гурил хэрчиж байгаа хүний суган доогуур шургаж гурил шумбадаж байгаад хурууныхаа эхний үеэс салах шахаж байхгүй юу хэхэ. Хатан ижий бид хоёрын хурууны шалтгаан шал өөр байжээ... Нэг нь эх орон газар нутаг ч юм уу элгэн садныхаа төлөө ч юм уу дайтаж явсан бол улаач болох үр нь идэх юмны талбарт дайтаж явсан байгаа юм хэхэ...Өршөөгөөрэй Дээдсүүд минь.
...Эзэн Хаантайгаа анх учирсан түүх минь энэ. Үүнээс хойш их юм болжээ. Бүр маш их зүйл болжээ. Амьдрал минь үндсээрээ шахам өөрчлөгдөж. Дээдсийн блогыг уншаад ганц бөөгийн талаар биш, амьдралын талаар, хүмүүний, сэтгэлийн, хувь тавилан, эргэх орчил, байгаль дэлхий гээд энэ оршихуйн талаар маш олон зүйлийг ойлгож авсан. Цаашид ч ойлгох, мэдэх зүйл олон бий. Дээдэс бол маш энгийн хүн тэр хэмжээгээр маш энгүй дээд. Үүнийг цөөн хэдэн үг, өгүүлбэрт багтаана гэдэг боломжгүй. Харах бүрт, мэдрэх бүрт, сонсох бүрт үүнийг мэдрэх болно. МАШ ИХ САНАЖ БАЙНА... 

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.