Wednesday, June 5, 2013

ЭЛДЭВ БОДЛУУД


Сэтгэл нэг л гунигтай байсаар хэд хонов. Ар араасаа хөвөрсөн асуудлаар ч баялаг өдрүүдийг сүүлийн 10аад хоног гэж бодсон маань яг тоолоход бараг л бүтэн сар болох дөхжээ. Ингэж цаг хугацааны мэдрэмжээ алдах гэж байдаг л юм байна. Уг нь энэ мэт хувийн асуудлууд бусдад хамаагүй бөгөөд цаг зав гарган уншигч хэн нэгэн байваас би тэр эрхэм хүнийг өөрийн асуудлаар залхаах эрхгүй гэж боддог тал бий. Гэвч урьд цагаан дээр хараар бичсэн амлалт болоод асуудал дундаас ойлгон авсан ганц нэг зүйлээ бусадтай хуваалцахад буруудахгүй байх гэж сэтгэв. Гэхдээ гунигтай гэхээр хийх зүйлгүй дээш харан дэмий хэвтсэн хэрэг биш юм хэхэ.
Бичнэ гээд бичилгүй удсан шалтгаан: ИХ ЗАСАГ хуулийн зарим заалтыг АЛТАН СУДАРтай холбон өөрийн ойлгосоноор бичихээ аль дээр сүрхий амлан бичсэн бөгөөд сүүлийн постыг оруулсанаас хойш  сар гаран болжээ. Бичсэн бодсон маань нэг л дутуу санагдаад болж өгөхгүй болохоор нь Дээдэс рүү бичив. Дээдэс “бичихээсээ өмнө сайтар уншин судалж, бас хуулийн заалтуудыг нь бүлэглэн ангилан учрыг нь Алтан судараас ол. Ер нь л судараа барих нь дээр” гэв. Тэгээд судраа барив. Үүнээс өмнө нэлээн дээхнээс бараг цагаан сарын дараанаас эхлэн ХЭМ ЧУ ҮСҮН гэж зүүдэлдэг байв. Сэрээд зүүдээ санахгүй ямар ч байсан ийм л үг зүүдлэгдээд байсан гэж бодчихоод тоодоггүй байв. Сүүлдээ 90 хэм чу үсүн, 18 хэм чу үсүн, 108 хэм чу үсүн ч гэх шиг нөгөө зүүд маань элдэв тоонууд нэмэгдэн зүүдлэх болов. Гэсэн  ч зүүдээ санах гэхээр ямар ч үйл явдал байхгүй санагдахгүй тул би ингэж бодсон юм уу эсвэл хэн нэгэн ингэж ярихыг сонссон байх гэж бодоод тоолгүй олон сар явжээ.
Харин эмнэлэгт байхдаа бүтэн 3 шөнө дараалан барин тавин зүүдлэв. Эхний шөнө Алтан судраас би цээжээр 3 зүйлийг уншаад байх юм. Яг л харж уншиж байгаам шиг үг үсэг нь нүдэнд их тод харагдан цээжээр уншиж байсаныгаа сэрээд санавал Нийхэмээр бадраах судраас амьдрал, Хатны айлдсан Хөгийн болохын тайлал /тус судар дээр Хаан бас хөгийн болохуйг тайлсан байдаг ба 2 тайлал байдаг билээ/ болон эцсийх нь нөгөө хэм чу үсүн. Ингээд дараагийн 2 хоногт нь дан ХЭМ ЧУ ҮСҮНээ зүүдлэв. Хамгийн сүүлийн  зүүдэндээ 18 ХЭМ ЧУ ҮСҮН ээ схемчлэн, задлаж бусдад зааж байгаа болтой зүүдлэв хэхэ..Урьд нь би шар судар уншихдаа долоон дээд эцгийн зөн болон 90 бүтцэд нүүдлийн соёл зэргийг яагаад ч юм алгасаад байдаг байлаа. Тэгээд өргөөний мэдэх байх гэсэн 2 хүнээс утасдан асууж энэ бол 90 бүтээвэр байна гэдгийг мэдэн судруудаас цааш нь судлав.
18 Хэм чу үсүн буюу 90 бүтээвэр /90 цэвэр өв гэж ч бас бичсэн байдаг/ нь Нүүдлийн соёлын бүтэц бөгөөд 10 түгээмлийн нэг, КҮЭН долоон биет ИХ ЗАСАГын нэгэн бие бөгөөд  ХААНы ЧУЭН, Улсын ЭХ-Үрэн мөн гэх мэтээр олон зүйлтэй холбогдсон байв.  Харин Уялгын онолд 90 бүтээвэрийг бол Ахуй биеийн ОНГОН болсон цахилж яваа бор соёолонгийн сүүл болгон ухаарч, туг сүлд сүнсээр соёрхоорой гэсэн байдаг.
Харин долоон дээд эцгийн зөнд бол 90 бүтээврийг БАТА ХУР зөнд тайлсан бөгөөд “...Хөх Моногоуулын хүслийн зүйтэнд бат оршихуйн ерэн цэвэр өв байгааг нээж өгсөн түүхтэй...” гэсэн бөгөөд тус бүртээ таван бүрдэл, таван бүрэлдэхүүн, таван агуулга, таван орон зай бүхий 18 төрлийн нийт 90  цэвэр өв байдаг байна. Энэ 90 бүтцэт нүүдлийн соёлыг Дээдэс бас тайлсан байдаг бөгөөд Тайлгын таван төрлийн талаарх тайллыг нь сайн санаж байна.
За тэгээд Хөгийн болохуйн тайлалыг уншиж зүүдэлсэн нь бас сонин. Хатны тайлсан хөгийн болохуйн тайлал нь:
Нууцаа задлан уйлж ам нь урагдтал чалчиж хөгийн болмуй
Би чадна гэж амлаж зүүд зэрэглээ мэт үг хэлмү
Утаа замхрах мэт ултай шүлс хатах мэт артай болму
Хэмгүй юманд хүзүүнийхээ махыг барж хэрэлдмү
Хэрэгсэхгүй хэжил зовлонгоо хэлж тусламж хүсмү
Ганцаардлыг хүсч тамаа мэдэх сэхээгүй хөгийн болму
Ангижралыг хүсч аяганаас халих биегүй болму
Өр зээлний төлөө өвчүүгээ дэлгэн гуйж хөгийн болму
Ажлыг алдаагаар хорлож явдлыг яаруугаар саатуулж
Хэрэгтэйгээ мэдүүлэх гэж хорлож хэрээ мэдүүлэх гэж ялламу

Хөгийн болох хорин нэгэн эгзэг байгаа билээ
Малынхаа төлөө үхэж цаг агаарт хийсч
Моногоул хэмээх нэрээ тайлж мунхаглаж
Дэлхийн хэмжээнд мэднэ гэж амаа урж хөгийн болму

Худаг, булаг хатаж, өвс үргүйдэж хаг болму
Мал турж, хүн өвчилж хижүүд үүрээн голж дайжму
Мон амин чанар мөхөх аюулын төвөг нь болвоос
Бата Хур зөнд нэн гүн гэгээрээгүй, малчинд боловсроогүй
Сүнс болоод эзний мэргэшилд суралцаагүйн үр болму гэсэн байдаг.

Энд бас л нөгөө 90 бүтээвэр буюу хэм чу үсүн явж байна. Өөрөөр хэлбэл Бата хур зөнд гэгээрэх гэгээрэхдээ нэн гүн гэгээрч байж сүнс болоод эзний мэргэшилд суралцаж байж хөгийн болохоос зайлж чадах нь дээ.  хэхэ бас миний хувьд бол урьд  хэлсэнээ зүүд зэрэглээ мэт болгохгүйн тулд хийх л болжээ. За бичнэ гээд таг алга болсон учир энэ. Учрыг ингэж хэлэхгүй бол зүүд зэрэглээ мэт болох гэж байгаам шиг санагдаад байлаа хэхэ

Асуудал ундрахын шалтгаан: Харин өнгөрсөн хугацаанд нэгэн зүйлийг яс махандаа тултал ойлгож мэдэв. Хэн ч бай, таны хайрладаг хүндэлдэг хүн эсвэл найз нөхөд, ах дүү, хайртай хүн хэн байсан ч цаад хүн чинь өөрөө л хүсч, өөрөө л ойлгоогүй бол тус болж байна гээд өмнүүр нь орж өмнөөс нь санаа зовох, өмнөөс нь хийх, өмнөөс нь гүйх бол хамгийн буруу байдаг юм байна. Энэ бол тэр хүнийгээ ч өөрийгөө ч хорлож байгаа хэрэг байдаг ажээ. Хүн ер нь өөрөө л өөрийнхөө төлөө явах хэрэгтэй бөгөөд тэр нь хэн хэндээ амар юм. Ер нь туслаж байгаа нь энэ гээд хүний өмнүүр орох нь нөгөө хүнээ юм сурахгүй байх нөхцөл, сурахыг мэдэхийг хүсэх хүсэл эрмэлзэлгүй болгож хорлодог байна. Хүүхдээ хайрлаж байгаа нь энэ гээд өмнүүр нь орох нь хүүхэд тань юу ч сурахгүй, хүнтэй ч ярьж чадахгүй ер нь амьдрах чадваргүй нэгэн болж хүүхдээ хорлож, хүүхдээ тэгэж зовохыг нь харж өөрийгөө хорлохтой яг ижил.

Тиймээс хойдох урдахдаа захихад хүнд тус болж байна гэж өмнүүр нь гүйх хэрэг үгүй. Харин өөрөө ойлгож хичээж байхад нь хамжиж туслах нь илүү тус болох бололтой. Буурлууд мөн  энэ л аргаар хүмүүжүүлэх гэсэн дээ буугаад бүгдийг хэлж, бүгдийг засч өгдөггүй байх ч гэж бодов хэхэ.

Энэ мэтээр элдэв олон зүйл наана цаана нь оруулж бодсон, хийсэн хэд хоног өнгөрөв. Бодох юм ч их л байна. Судрын өртөөлөгчийн бичсэн түүх байдаг Дээдэст блогтоо бичсэн байдаг АМАРСАНАА жанжин Ойродын зурхайчдыг авчраад сэлэмээ аван цэрэг суултаар суун  Монгол улс хойшид яахыг зураадах гэжээ. Харин тэр зурхайчид нь хэд хоног яаж яаж гэлээ их нарийн дэг жаягтай зураад “Монгол улсын шинэ хааныг засаг нь даахгүй өедсөн үед Чингис хааны тэнгэрийг өртөөлөгч дор буурай ардад  ИХ ХААНыг тэнгэрээс нь заялгаж засаж дийлэхгүй байсан төрийн хэргийг засардаг болгох ухааныг үл мэдэх хэлээр өедсөн засагт дарагдсан Хаанд хэлж Монгол Улс дахин мандана” гэж хэлсэн байдаг. 

Энэ бол бидний маш том итгэл. Бүх л дээдсүүд нь бууж, буухаар зэхэж, үл ойлгогдох хэлээр үлдээсэн сургаал нь бидэнд ирсэн байна. Тэгэхээр би чадахгүй байна, мэдэхгүй байна болохгүй байна бүтэхгүй байна гэлтгүй туулахаа л туулж байгаан байна гэж бодох болов. гэвч ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ гэдэг үгийг хэзээ ч мартахгүй байвал зохино.
Тэгэхээр алдаж онож, сэтгэл дотроо унаж босон байж өвгөдийн тэр ухаанд суралцан улсаа мандуулах үйлсэд энэ замбын махан биеэрээ өчүүхэн ч гэсэн дэм болбол энэ цагт энэ биеийг олж төрсөний учир бүтэх биз.

Иймд өөрийгөө голох, чадвартаа эргэлзэх гээчийг мартах хэрэгтэй ч юм шиг бас нөгөөтэйгүүр өөртэй итгэлтэй байна гээд халиад нисчихгүй байх ухааныг мөн л өвгөдөөсөө сурах нь дээ. Магадгүй Хөгийн болохуйн тайлал бас энэ ч юм шиг

за ямар ч байсан 18 ХЭМ ЧУ ҮСҮН  буюу 90 бүтээвэрийг жаахан ухаж үзье.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.