Monday, February 24, 2014

Цаг үеийн үйл явдлууд ба ЗААВАЛ БОДОХ АСУУДЛУУД


За бас л цаг завтайсан бол аль хэдийн бичээд тавьчихаар хугацаа өнгөрлөө. Болдогсон бол хүн болгонд хүргүүштэй зүйл болохоор бичихгүй хаячихаж бас чадахгүй юм. Энэ бүгдийг хурдан бич гээд дотроос хэн нэгэх шаардаж, би ажлаа амжуулах гэж мунгинасаар таарах юм. Сүүлийн үед надтай тохиосон үйл явдал болоод түүнээс урган гарсан заавал бодож санахаар зогсохгүй энэ цаг үеийн бидний заавал хийх үйл юм.
Санаандгүй явдал буюу Хамбын сургааль
Цагаан сарын дөнгөж дараахан нэг өдөр ажил тарах үед албаны ахлах маань хамба ламыг дагуулсаар орж ирэв. Манай өрөөнд нилээд олон хүн суудаг бөгөөд ихэнх нь залуучууд учир хамбатантай золгуулж, Чой хамбаар бидэнд ганц нэг сургааль хэлүүлэхийг хүсч гуйсан бололтой. Манайхан бүгд золгон дор бүрнээ л билигшээж байгаа нь илт. Хамба гуай ч энгийн сайхан хүн юм. Яриа хөөрөө ч энгийн бөгөөд сургамжтай, утгатай. Хэдийгээр бага хугацаанд уулзсан ч хэлж ярисан сургаалиас нь дараах зүйл арилшгүй үлдэв. Учир нь энэ бол буурлуудын сургадаг, Дээдсийн хэлдэг ярьдаг, миний бодож явдаг тэр л асуудал байсан учир тод үлдсэн байх. Харамсалтай хүн болгон нухацтайгаар бодохгүй сонсоод өнгөрч байх шиг, мөн маш олон хүмүүс энэ талаар бодох ч үгүй, мэдэх ч үгүй байгааг олон олон үйл явдлууд гэрчилж байгаа тул заавал хүргэх шаардлага байна.
ЗҮРХ, ТАРХИ ХОЁРЫГ ЗЭРЭГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. Хамба лам гадаад дотоодгүй олон газраар явж, олон хүнтэй уулзаж учирсаны эцэст энэ дүгнэлтэд хүрсэн гэнэ. Зүрхээ хөгжүүлэлгүй зөвхөн тархины хөгжил хөөж олон олон дээд сургууль төгсөж, олон бичиг өвөртөлж, барууны мундаг гэж шагшигдах мэдлэгээр тархи өвч цэнэглэсэн олон хүмүүс өөрийн гэх үнэт зүйлгүй болж, зөвхөн нүдэнд үзэгдэн гарт баригдах баялаг, эрх мэдлийг шүтэх ямар үр дүнд хүрч байгаа талаар ярив. Энэ ҮНЭНийг бид амьдралаараа туулж байна. Үүнийг буурлууд сургадаг. Буурлуудын сургаалийн гол цөм гэж болох сургааль нь  Монголын шашны тэргүүний амнаас гарсанд би ихэд олзуурхан битүүхэн баярлаж суув.
Буурлуудын ГЭГЭЭРЛИЙН тухай энэ сургааль байнга бодогдох бөгөөд зүрхээ хөгжүүлнэ гэдэг бол хайрлаж сурахын нэр, аливаад чин сэтгэлээс хандахын нэр, тархиа хөгжүүлнэ гэдэг нь оюунаа тэлж, мэдлэг олохын нэр гэж ойлгодог юм. Хайрлаж сурна гэдэг бол амархан мэт санагдавч хэцүү. ХАЙР хэзээ ч хариу нэхдэггүй, ХАЙР хэзээ ч ашиг сонирхол байдаггүй. Би өдийг хүртэл миний амьдралд гарч ирсэн 2 өөр шийдэл бүхий асуудалтай тулгарч ирсэн. Энэ бүртээ алийг нь сонгохоо мэдэхгүй эргэлзэх үедээ тооцолол буюу үр дүнг харсан тархины шийдвэрээ юу? яагаад гэдгээ тодорхой хэлж чадахгүй, эх сурвалж нь тодорхойгүй зүрх сэтгэлийн шийдвэрээ дагах уу? гэж бодож ихэнх тохиолдолд зүрх сэтгэлээ дагадаг байсан нь намайг алдаанд хүргээгүй гэж боддог. Үүнээсээ улбаалан зүрхэнд бидний өвөг дээдэс уг удмын, эсвэл өмнөх амьдралын мэдээлэл байдаг юм болов уу гэж одоо ч хүртэл аль нь хэн бэ? гэж бодсоор л яваа.
Нөгөө талаас зүрхний хөгжил гэдэг бол СЭТГЭЛ. Хичнээн мундаг боловсрол, чадвартай байгаад сэтгэлгүй хүн гэдэг бол хэцүү. Ийм хүнд ямар ч ажил даалгаад өөрт л ашиггүй бол олигтой юм хийнээ гонж. Ийм хүмүүс өөрт унацтай, ашигтай зүйлдээ л хөдлөнө. Харин тэр ашиг нь бусдад ямар их гарз, хохирол авчрах нь хамаагүй.
Гэтэл язгуур угсаа, уг удам, үүсэл гарлаа мартаж зөвхөн хувиа хичээх өөдгүй зангаа ХАЙР хэмээн эндүүрсэн тархины хөгжлийг шүтэгчид өнөөдөр юу хийж байгааг бүгд мэдэх биз. Тиймээс эцэг эхчүүд минь анхаарч үзнэ үү! Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ зүрхний хөгжлийг нь бүү мартаарай. Тэд бол эцэг эх болсон бидний тольны тусгал л гэсэн үг. Хүүхдээ ажигла, хүүхдээ сонс, хүүхэдтэйгээ ярилц, хайрла, халамжил. Хамгийн үнэтэй ҮНЭТ ЗҮЙЛ юу болохыг хэлж сануулж бай. Тэд биднийг л харж суралцдаг.
 ОЛОН ТӨРЛИЙН САВ. Олон хүн нэг дор цуглуулаад нэг зүйлийг хэлэхэд бүгд өөр өөрөөр хүлээж авч ойлгож, өөр өөр зүйл хийсэн байдаг. Энэ бол тэр хүний САВТАЙ холбоотой гэнэ. Энэ  бас яах аргагүй үнэн бөгөөд бидний өвөг дээдсүүдийн сургаалийг агуулсан ХАТНЫ СУДАР буюу Алтан дээд үнэний аялгуунд ч бий.
Өнөөдөр манайд солонгос, барууны, хийрхүү, үндэсний гээд олон төрлийн САВ байна та нар залуу хүмүүс байна үр хүүхдээ битгий солонгос драмын сав болгоорой гэж захив. Манайхаар бол “хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг өвгөдийн маань сургааль. Намайг жаахан байхад энэ үгийг мэдэхгүй хүүхэд байдаггүй байлаа. Гэтэл одоо мэддэг том хүн байдаггүй юм байхдаа гэж гайхмаар болж. Болох болохгүйн зааг хязгаарыг сургаж, өөрөө өөрийгөө олоход нь туслахгүй л бол үүнтэй холбоотойгоор амьдралд хөл алдах болно. Харамсалтай нь ажиглаж байхад одоогийн эцэг эхчүүд байг, боль, болохгүй гэж хүүхдүүддээ тэр бүр хэлэхээ байсан юм уу. Хүний юм авах гээд өгөхгүй болохоор эзнийг нь цохиж авч байгаа хүүхдээ харсан ч хараагүй юм шиг суух юм. Ингээд ургуулаад бодох, дүгнэх чадвар та бүхэнд бий тул нуршилгүй үлдээе. Харин энэ асуудал яригдахаар л хүмүүс “бид хүүхдээ тэгж зөв хүмүүжүүлээд ямар ч хэрэг байхгүй. Бусад хүмүүс нь тэгэхгүй юм чинь манай хүүхэд л хохироно. Адилхан л байх хэрэгтэй” гэсэн хандлага маш олон хүнээс сонссод гайхав. Дор бүртээ энэ тухай бодоод, сэтгэл тавиад хүүхдээ ЗӨВ ХҮН болгоход анхаарвал болох бишүү. Тэгэхгүй одоо цаг ийм болсон гээд бусдыг дууриагаад хувиа хичээгч, аальгүй, эдэнд шунагч, худлаа яригч, хумслагч, зальжин, өөрийгөө аврахын тулд бусдыг түлхэгч болгох бололтой янз нь.
Өөрөөр хэлбэл, одоо үе ийм болсон, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байна гээд нүдэн балай, чихэн дүлий, урсгалаараа яваад байвал та болон таны хүүхэд бусдыг дууриагч, хуулбар болно гэсэн үг. Өөрийн гэсэн тогтсон үзэл бодолгүй, бодит зүйлд өөрийн чадвараар үнэлэлт дүгнэлт өгөх чадваргүй бусдын амыг харагч, үгүй бол буруу гэдгийг мэдсээр байж элдэв үгээс эмээгч дайчин биш хүмүүс ийм байдаг. Харамсалтай нь эдгээр хүмүүс олонхи болоод байна. Тэд тэнэг харагдахаас айдаг, эмээдэг.Үүнийхээ оронд эцэг эх бүр, ирээдүй хойчийн залуус бүр, ахмад настангууд, өвөө эмээ нар минь ЗӨВ ХҮН бий болгохын тулд таны нэг үйлдэл, нэг үг, өөрийн тань аливаад хандаж байгаа хандлага, хойчийн үрсэд чинь эрдэм болно гэдгийг бодон жаахан л сэтгэл гаргаач гэж гуйх гэсэн юм. Гэгээрэл, боловсрол гэдгийг хүршгүй хол, алсын зүйл мэт бүү сэтгээч. Энэ бүхэн энгийн, энэ бүх амьдрах ухаан, хүн байхын л утга учир гэдгийг ойлгооч. Өнөөдөр нэг өмссөн, нөмөрсөн, барьсан, унасан, идсэн ууснаараа бусдын дээр гарах гэж бүү улайр, бусдаас доош орлоо гэж бүү бухимд. ЖАМ ЁСНЫ ҮНЭНийг таньж мэдэхэд л бүх зүйл энгийн байх болно.
ҮЙЛИЙН ҮР. Энэ мөн л буурлуудын сургааль байгаа биз. Энэ шашины тэргүүн өөрийн насан туршдаа судалсан, олж мэдсэнээр буурлуудын сургаалийг батлаад байгаа нь сайхан. Сайн, муу алив бүхэн үр дагавартай. Эргээд ирэх хариутай, хаягтай. Бидний тавилан бол өмнө бидний үйлдсэн болоод, өвөг дээдсийн минь үйлдсэн үйлийн үр дүн. Үүнийг олон зүйл нотолж байгаа. Тиймээс аливааг хийхдээ үргэлж араа хар, хойчоо бод.
Буурлууд яах гэж буусан юм?
Энд би харин судрын бичлэг сийрүүлэх ажлын явцад судар буулгаж буй буурлаас мэдсэн нэг л өгүүлбэрийг бичнэ. Уг нь бол хянах ёстой хүмүүсээр хянагдан ном болон гартал энэ талаар дур мэдэн ярих хориотой юм. Гэвч энэ өгүүлбэр маш олон зүйлийн хариулт болж, хүн болгон мэдвэл зохих тул бүдүүн зүрх гаргав. Цагаан сарын үеэр нэгэн тууль хайлагч эрхэм болон сэтгүүлч Галаарид нар нэгэн нэвтрүүлэгт орж байна. Гэтэл сэтгүүлч нь асуув. “Монгол зан заншил, үүх түүх, дээл хувцас, Монгол ухаан, ахуй гээд энэ бүхнийг сэргээнэ гэх мэтээр их ярих боллоо. Ингэж яахын. Бид хөгжих гэж явж байгаа. Гэтэл ингээд арагшаа хараад ухраад байх нь зөв юм уу?” гэж асуув. Ажил дээр, анд нөхдийн хүрээнд ч ийм яриа болдог. “Ухарлаа, гадаадууд хөгжиж байхад манайх л түүх, Чингис, эцэг өвгөд гэж эргэж амбасан үе рүүгээ явж солиорлоо. Монголчууд тэнэг, мангар, хийрхүү, хөдөөний тэнэгүүд нь тэгэж байгаа юм” гэхийг олон сонссон. Тэгвэл нэг л хариулт буурлууд өгсөн юм даа.
Бид жамыг таниулах гэж, жамыг сахиулах гэж буусан. Жамаас гажсан бүхэн сүйрэлд хүрдэг нь жам” гэсэн юм даа.
Бидний хөгжил хэмээн нэрийдэж, жам ёс, байгалийн хуулийг зөрчсөн “ухаалаг” үйлдлүүд биднийг юунд хүргэж байна. Энэ тал дээр маш олон зүйлийг жишээ татан хэлж болох байна. Жамаараа явж байгаа зүйл ер нь байна уу? Нөгөө тархины хөгжил шүтэгчид ЖАМыг үл ойшоож байгаа нь үнэн. Өнөөдөр болж байгаа юм байна уу? Энэ бүх жамыг сөрсөн гажуудлыг чинь засах гэж буурлууд бууждээ. Гэхдээ юунаас эхлэн засна гэж? Биднээс буюу хувь хүнээс эхлэн. Бидний тархи, оюун, сэтгэлээс эхлэн засна. Үүнийг гаднаас нь харахад хүн боловсорч, өөрөө өөрийгөө засаж буй байдлаар харагдана. Өөрийгөө зассан нь бусдыгаа.
Бидний өнөөдөр хөгжил гэж тахин шүтээд байгаа зүйлс юунд хүргэж байна гэдгийг хүмүүс бодоод эхэлсэн. Бодоогүйнүүд нь бодож эхлэх л хэрэгтэй дээ. Оюун санааны харанхуй гэдэг бол мөхөл.
Гарч байгаа кинонуудыг нь хүртэл. Цэнхэр гараг дээрээ амьдарч болохоо байгаад хиймэл ертөнц үүсгэж амьдарч байгаа тухай нэг кино үзэв. Баячууд тэндээ, ядуучууд нь аймшгийн болсон дэлхийдээ амьдардаг гэнэ. Энэ бол энэ жам бусын эргүүтлээрээ явбал тун удахгүй ирэх гамшиг. Энэ бүхнээс байгалийн жам, хууль, оршихуйн үнэн зэрэг өвгөдийн олон зуун мянган жил туулан, олж авсан мэдлэг, чадвар, ахуй л аврах учраас хүссэн ч эс хүссэн МОНГОЛ СЭРЭХҮЙ сэрж байна. Гэхдээ монгол ахуй аврана гээд хотод байгаа жирэмсэн эмэгтэйг хөдөө гараад арга түшиж төр гэх гэсэнгүй.
Бид хэн бэ? байгалийн хууль, оршин амьдрахуйн жам ёсны дэргэд бид юу вэ гэдгээ л таниж мэд, зохицон амьдар, хүн та өөрийгөө таньж мэд, үйлийн үрийн шалтгааныг таньж мэд. Ер нь МЭДВЭЛ ЗОХИХУЙ гэж юу байдаг юм түүнийг таньж мэд гэж л энэ бүх сэрэхүй сэрж байна. Энэ бол УХРАЛ биш УХААЛАГ УРАГШЛАЛ гэдгийг хүмүүст дуулгаач. Энэ тухай яригчийг шоолон бүү инээ. Өнөөдрийн инээд чинь маргаашийн нулимс болбол яана.
Тиймээс тод хараар бичсэн тэр өгүүлбэрийг хэн байсан ч байнга бодож, учрыг нь олохоор ухаж, бас ойр тойрныхондоо хэлж байна уу. Над ямар хамаатай юм гэж бүү бодогтун. Энэ дэлхийн элгэн гадаргуу дээр амьдрагч хэн бэ гуайд ч энэ хамаатай бөгөөд агаар амьсгалж, ус ууж, шороо хөдөлгөж байгаа хүн хийгээд, байхгүй болсон сүнс байлаа ч энэ хамаатай.
Нэг нь дээр үү? Нэг бүлэг нь дээр үү?
Олон ястнуудын тухай сурвалжлан хүргэдэг нэгэн нэвтрүүлгээр Дархад бөөгийн тухай нэгэн нэртэй зайран ярьж байна. Бөө нар нэг дор олуулаа бөөлдөггүй. Тийм ёс ч байхгүй. Тэр бүү хэл нэг голын эх, адаг дээр ээж хүү хоёр улаач бөөлөх боломж байхгүй. Нэг орон зайд байгаа учраас эрчимээ булаалдан тэмцэлддэг гэнэм. Энд ҮГҮЙ гэж хариулах байна.
Энэ логикоор бол бидний өдий хүртэл хийж ирсэн минь буруу, худал, байж боломгүй зүйл болж таарах нь. Замбаараа ч амьдралын ухаан суух хэмжээний нас тогтсон, олон жил бөөлсөн туршлагатай хүн ингэж ярих гэж!?!
“Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр” гэж хэзээний үгтэй юм. Эртний энэ сургааль үгс бол тэр чигтээ амьдрах ухаан, эрдэм мэдлэг юм. Үүнийг нэг хүн гадаа тамхилаад суутал гэнэт харваад ороод ирсэн мэргэн санаа биш. Шүдний махаар хүнс хийж, шүлсний хөөсөөр ундаалан явж таньж мэдсэн мэдлэг. Үр хойчоо үүнээс болж бүү алдаасай гэсэндээ аман зохиолоор болоод ахуй амьдралаараа түүчээлэн ирсэн билиг оюун. Нэг мод гал болдоггүй нэг хүн айл болдоггүй ч гэдэг. Дэм дэмэндээ дээс эрчиндээ ч гэдэг.
Нутгийн чулуу
Ихэнх улаач нар цагаан сар айл хэсэхийг нэг их таашаадаггүй. Тэгвэл би жаахан хэсэв. Олон ч зүйлийг сонсож, хүмүүсийн үзэл бодлыг сонсож, нийтлэг оюуны түвшин ямар байгааг буурлууд надаар дамжуулан тандан мэдэв. Олон тандалтын дундаас нэг мэдээ сэтгэл ихэд гонсойлгов. Монголын нутагт байх олон олон эрдэнийн чулуутай уул, ус газар нутаг бий. Үүний нэг болох Өвөрхангайн Богд сумын АРЦАТ БОГД хайрханы ил байх эрдэнийн чулуудыг машинтай хүмүүс түүсээр, зарсаар, хил гаргасаар удаж байгаа гэнэ. Өмнөговь, Хэнтий, Баянхонгор гээд л ийм дайрлагад өртөөгүй уул, ус ховор бололтой. Нэгэн өвөрмонгол залуугийн ярьснаар түүний эхнэр Монголоос ундааны сав дүүрэн чулууг 20,000 төгрөгөөс худалдаж аваад, нэг ширхэгийг нь 2000 юаниар зардаг гэнэ. Тэд яагаад хурууны өндгөн чинээ нэг ширхэг чулууг тийм үнэтэй авна вэ. Бид яагаад хэрэгтэй хэрэггүй сэдвээр нойр хоолоо хасан нийгмийн сүлжээгээр нэг жиргэнэ вэ. Байгалиас, амьдралаас тасаран жижиг асуудал ч байсан дээр дооргүй шуугих бид яагаад үүнийг үл мэдэн сууна вэ. Нутгийн иргэн нь өө тонн тонноор нь гаргадаг болсон ш д. Ингээд удаж байна гэж хээв нэг ярих хэд хоног сэтгэл шархлуулав. Энэ чулууд ямар их шидтэйг буурлууд одоо гарах судартаа хэлсэн байх. Үлгэр хүртэл бий. Усгүй, хургүй гантай жил газрын гүний судлаар гүний ус биздээ татан гадаргуу дээр гаргаж чадах шид бүхий чулууний үлгэрийг уншиж байсан. Би буруу санаагүй бол мана гэсэн байх. Буурлууд ч байгалийн талстат чулуугаар ямар ямар засал хийж, яаж биеэ эрүүлжүүлж болдог эрдэм ухааныхаа зах зухаас хэлж байсан. Тиймээс л эрдэнийн чулуу гэж байгаа юм. Өөрсдийн зүйлдээ эзэн сууж шунахай сэтгэлтнүүдээс харалъя л даа. Мэдээж хэрэглэлгүй яахав. Гэхдээ зохист хэмжээгээр.
Бодох олон зүйл байна. Бодохгүй явж боломгүй байна. Бодол үгийн эхлэл, үг үйлийн эхлэл. Олон ч салбарт зөв сэрэхүй, сэхээрэл, ухаарал сэргэж байгаа нь сэтгэлд өег сайхан ч энэ талаар мэдэхгүй маш олон хэсэг байгааг өнгөрсөн хугацаанд харлаа. Дуулж мэдсэн зарим нь би мэдэхгүй, чадахгүй, 999 гэдэг шиг л явж байна. Олон хаашаа би тийшээ гээд өөрөөсөө зайлуулаад яваа нэлээд хэсэг байна. Мэдээгүй, сонсоогүй, бодоогүй хэсэг байж болно. Мэдсэн, сонссон, боддог хэсэг нь чимээгүй бүү яваач. Мэдээгүйдээ таниулаач. Надад хүртээлгүй, би мэдэхгүй, ойлгохгүй гэж явсаар нэг л өдөр энэ хөндсөн асуудлууд хаалгийг тань тогших болно. Одоо л миний ажиглаж байгаагаар маш олон хүмүүс буурлуудын энэ эргүүлгэд орж, тэдний мэдүүлэх, сонсгох, таниулах гэсэн бүхий л арга чаргад өртөөд явж байгаагаа өөрсдөө ч мэдэлгүй явна. 3 жилийн өмнө би бас л тийм л байсан. Харин өнөөдөр өөр. Та ч бас бидний нэг болох болно. Тиймээс зугтааж, үл тоож асуудлыг шийднэ гэж бодвол горьдсоны гарз. Бүхнийг учрыг танин мэдэж, өөрийгөө олох ГЭГЭЭРЛИЙН ЭРГҮҮЛЭГТ хүн бүхэн өртөх тул өдрийнхөө хийж байгааг ажлыг сэтгэлээсээ хий, аливаа тохиолдон буй учран буй үйл явдлын учрыг тунгаан бод. Нэг үг байсан ч та бод. Тэгээд цааш нь өртөөл.












0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.