Wednesday, January 22, 2014

ӨРГӨӨНИЙ ОЛОН ХӨӨРХӨНҮҮДДЭЭ



Цайны цагаар гарч ирчихээд ажлаа хийж байтал цагийн өмнө болж өнгөрсөн үйл явдал инээд хүргээд болж өгөх биш. Ганц нүүр ч болов бичмээр санагдаад бичиж сууна. Хөдөө явахаасаа өмнө Дээдсийн үлдээсэн даалгавар болон ажил, бичлэг гээд хийх ажил их ч энэ даалгавараа судлан байгаад ирэхээс нь өмнө бичихийг төлөвлөн сууна. Харин одоо хэдхэн хором зарцуулаад хэн нэгэнд, хэрэгтэй байгаа хүнд сэдэл өгч магадгүй ганц зүйл яръя.

Өнгөрсөн хэдэн долоо хоног нилээд ачаалалтай байсан тул наана цаадахыг бодох ч сөхөөгүй байлаа. Ингээд өнөөдөр нуугдмал зан сэдэрч нөхөр рүүгээ залгасаар хамт хоолонд оров. Хэхэ... Талбайгаас өөр өөрсдийн ажлыг зүг явахаас өмнө би түүнд “Хацар дээр ганц үнс”-ийг шаардав. “Үгүй” гэнээ. “Хөгширчихөөд мангартаад байх юм” гэнээ хэхэ... дөнгөж 30 гараад хөгширчихдөг бол яанам бэ. Гэвч “юу ч мэдэхгүй, жоохон хөөрхөн байхад үнсээд л байсан даг. Одоо яагаад болохгүй гэж. Хайр гэдэг чинь нас нэмэгдэх тоогоор унтардаг зүйл юм уу” гэж заргалдав. Харин нөхөр маань “Хайр бол насан нэмэх тоогоор хэлбэр, дүрс, хэмжээ дамжаа нь өөрчлөгддөг зүйл” гэж 30 секунд маргалдсаны эцэст дийлж баруун хацар дээрээ ганц үнсүүлж аваад баяртайгаар салав.


Хэхэ... Гэхдээ миний хэлэх гэсэн гол санаа энэ биш, харин үүн дээрээс үндэслэн нэгэн санааг олонтойгоо хуваалцан, мөн энэ асуудлаар сэтгэл нь гундуу яваа нэгэндээ санаа, сэдэл өгөх гэсэн хэрэг.

Ажиглаад байхад дийлэнх гэр бүлд нэгэн асуудал байгаа нь нэгэнт “тостой тогоонд хошуу холбож, тоонот гэрт толгой холбосон” бол бие биеэндээ анхаарал халамж тавих, халуун дулаан, сайн сайхан үг хэлэх, НЭГЭНДЭЭ ЦАГ ГАРГАХ гэдэг нь хоног өнгөрөх тусам цөөрсөөр л байдаг. Үүнээс болж хичнээн олон залуу гэр бүлүүд салж, хичнээн хөөрхөн бяцхан үрс бэтгэрэн, хонх цохих тоолонд аав минь ороод ирэх болов уу гэсэн горьдлогын харц өөр хүнийг харан унтардагыг би харсан.

Тэгэхээр нас явж болно, гэхдээ СЭТГЭЛ гэдэг эрхтэнд хөгшин залуугийн ялгаа төдийлөн байдаггүй гэж боддог. Хүүхэд байхдаа, ид залуу насандаа ч, хөгширөөд ч хэн нэгнээс, анхаарал, хайр халамж хүсэхгүй цаг үе гэж ХҮН гэгч мангдайд байдаг гэж үү???  Тэгэхээр ХАЙР хэлбэр, дүрсээ өөрчилж болно, харин гол агуулга нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Тиймээс эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ТА хэн байсан ч хажуудахдаа цаг гаргаж бай, мөн хайртай хүнээсээ өөрт тань цаг гаргахыг аятайханаар үе үе шаардаж байх нь зөв.

Бид хүнтэй суусныхаа дараа хэн нэг нь албадаад суулгачихсан юм шиг л, гэнэт нөгөө хүнийхээ муу муухайг олж харж эхэлдэг. Эхлээд сайн сайхан байсан бүхэн дараа нь муу муухай юм шиг санагдан уурлаж бухимдан, тэрнээс минь өөр муу хүн байхгүй шиг санагдаж, би сайн тэр муу, би тэрний төлөө өөрийгөө золиослон байхад тэр зөвхөн амиа хичээдэг гэж хэн хэн нь боддог. Гэтэл үнэн хэрэг дээрээ биднийг бие биедээ дурлахыг, хайрлахыг хэн ч албадаагүй. Анхандаа өөрсөддөө байгаа бүхнээ нэг нэгэндээ зориулдагтаа хайртай хүмүүс бие биедээ ЕРТӨНЦӨД ОРЬ ГАНЦ САЙН САЙХАН шиг харагддаг байсан байх. Мэдээж бусад зүйлийг тооцолгүйгээр шүү дээ. Гэтэл хамтдаа амьдраад ирэхээр зориулдаг байсан цаг хугацаа, сэтгэл гээд аливаа зүйлс нь амьдрахын тулд чиглэгдэх болсоноос энэ бүхэн өөрчлөгдөн байгаа нь тэр. Энэ нь ч аргагүй зүйл юм.

Тэгэхээр бид нэг зүйлийг хатуу ойлгох хэрэгтэй. Тэр нь хажуудахынхаа төлөө, гэр бүлийнхээ төлөө ТА, БИ өөрийгөө золиослоод байгаа биш, харин өөрөө өөрийнхөө төлөө сайн дурандаа энэ бүхнийг хийж байгаа гэдэгтэйгээ эвлэрч чадвал маш олон гэр бүл тогтвортой байх боломжтой. Би нөхөртэй хайртай учраас түүнд сайхан байлгахын тулд өөртөө зориулахаа хумсалж түүндээ зориулах нь надад сайхан байгаа учраас, би хүүхдүүддээ хайртай учраас өөртөө юм авах гэж дэлгүүр гараад хүүхдүүддээ аливааг авч, тэднийхээ хөөрч баярлахыг харж, түүнээсээ аз жаргал олж авч чадаж байгаа учраас энэ бүхнийг хийж байгаа гэдгээ өөртөө хүлээн зөвшөөрч чадвал хэн нэгэнд гомдол мэдүүлж, гомдоллоод байх шаардлага үгүй гэдгийг ойлгох нь чухал. Харин надаас ХАЙР хүртсэн хэн бэ гуай ч /нөхөр, хүүхэд, ээж, аав, гэр бүлийнхэн/ өөрийг нь баярлуулсан тул эргээд намайг баярлуулах нь гарцаагүй. Ингэж баярлуулахын тулд үг хэлж, үйлдэл хийх хэрэггүй, түүний царайнаас олж харсан баярласан сэтгэл л хамтдаа туулах энэ амьдралд нэг ГАГНААС нэмж байдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол 1 дэх нь хэхэ...

2 дахь нь. БИ урьд нь өөрийгөө өөртөө цаг болон мөнгө зарж чаддаггүй учраас өөрийгөө хайрладаггүй гэж боддог байлаа. Гэтэл би нөхрийгөө над руу аятайхан, зөөлөн, дулаанаар харах, надтай юм ярих, надад цаг гаргах, намайг үл тоох зэрэг үйлдэл гаргахгүй байхыг байнга шахуу үг болоод үйлдлээр шаардана. Муухай харсаных нь хариуд муухай харна хэхэ. Энэ бол би өөртөө маш их хайртай болохыг илэрхийлж байгаа хэрэг. Гэтэл хань минь бас над шиг байх нь гарцаагүй. Эхнэрийгээ хөөрхөн байгаасай, гоё байгаасай гэж хүсдэг нь үе үе цухалзана. Гэтэл нөгөөх нь улам л гандаад байхаар яаж сайхан байхав. Тун цөөхөн эрчүүд л энэ үед эхнэртээ би өөрөө л анхаарал тавих ёстой гэдгийг ухамсарлана. Харин дийлэнх эрчүүд бол эмэгтэй хүн л өөрөө өөрийгөө өөд татахгүй бол хажууд нь чимээгүй харсаар байгаад л ХАЙР гээч нь хагдаран унадаг шиг харагдаад байх юм.  Өөрийгөө хайрлаж чаддаг хүн бусдыг хайрладаг, бусдыг хайрлаж чаддаг хүнд хайр ирдэг. Тиймээс БҮСГҮЙЧҮҮД минь өөрийгөө хайрла, өөртөө цаг гарга, сэргэлэн цовоо, гоё хээнцэр бай. Хэхэ...  Би ч бас өөртөө энэ бүхнийг зориулахаар шийдсэн. :)  Тэгвэл хань тань сэргээд л ирнэ. Ханийгаа хэзээ над руу харах бол, хэзээ надад цаг гаргах бол гэж бүү хүлээ. Өөр рүүгээ харуул, өөртөө цаг гаргуул !!! хэхэ
Замбын ажлаа ч амжуул, заяаны ажлаа ч амжуул, гэрийнхээ ажлыг ч гээгдүүлэлгүйгээр бүсгүй хүн болж төрсөн заяагаа гэрэлтүүлж аминдаа арчаатай, албандаа амжилттай, ХЭЗЭЭД ГОЁ САЙХНААРАА, ЭРХ ТАНХИАРАА бай ХӨӨРХӨНҮҮД минь   :)  :)  :) 

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.