Saturday, April 27, 2013

ИХ ЗАСАГ-ийг БАТЛАН ТУНХАГЛАХ УЧИР БУЮУ ХУУЛЬ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ


... МөрГүн дээдсүүдийн улаач үрс
Өндөр хатдуудын улаач үрс
ИХ ЗАСАГ-ийн дээдсүүдийн улаач үрс
Бүгдээр нэгдэж хэмээ олж
Сэтгэл оюунаа нэгтгэж
Зорилго хүслээ уухайлж
Түмэн ардаа Ний Хэмд нь оруулах
Тэр л үйлэнд нь шамдваас зохилтой...

                                                                                           ХАС ТӨРИЙГ БАДРААХ СУДРААС

Өнөөдрийн бичих ажлаа эхлэхийн өмнө нэг тайлбар тавихаас хэхэ. Их засаг хуулийн тухай бичих энэ тэмдэглэлүүдийг би ДААЛГАВАР гээд нэрлэчихсэн байгаа юм өөртөө. Яагаад гэвэл буурлаадаас өгсөн даалгавар гэж ойлгоод. Тиймээс би гоц мэддэг зүйлээ хийж байгаа биш, харин сурч мэдэхийг оролдон уншиж, төрсөн бодол юугаа бичиж байгаа тул миний бичсэн бүхэн дутуу дулимаг, бүүр хамгийн анхан шатны ч ойлголт байж мэдэхийг бодон алдааг минь өршөөж оноог минь урамшуулж хайрлаарай.
Жишээ нь урьд нь бичсэн засаг захиргааны нэгжийн тухайд би зөвхөн нэг талаас нь харан дутуу бодож бичсэн нь бичээд дууссаны дараа мэдэгдэж байх жишээтэй. Хариуцах эзэн, эзэн эрхтэй хамаатай байж болох талыг нь орхигдуулсан байна лээ. Иймд өнөөдөр бодож байсан бодол, мэдэж авсан мэдлэг маргааш, нөгөөдөр өсөн нэмэгдэж, өргөжин тэлэгдэж байдаг тул дутуу дулимагаа мэдэх тоогоороо нэмээд явахад буруудахгүй биз ээ.
За өнөөдөр ИХ ЗАСАГ хуулийн /мэдэгдээд байгаа/ нэгдүгээр бүлгийн гол утга агуулгыг өнөөдөр байгаа бодит байдалтай харьцуулан бодно доо.
За юуны өмнө Алтан судрын 9 дүгээр бүлэгт ИХ ЗАСАГ-ийн тухай бичсэн бөгөөд энд дандаа түлхүүрүүд байх шиг санагдав. Үүнийг бүрэн тайлж ойлгож байж засаглах, жаяглахтай холбоотойг ухаж мэдэх мэт санагдаж байна. Өнгөрсөн хавар би Судрын хэлэлцүүлэг болдог өдөр ИХ ЗАСАГ хуулийн тухай багаахан хэмжээний илтгэл тавихаар бэлтгэж байхдаа энийг уншаад ёстой юу ч ойлгоогүй юм. Хэхэ... өнөөдөр тэр өдрийнхтэй харьцуулбал овоо нүд нээгдсэн мэт байх чинь. Гэхдээ харахад 13хан мөр мэт байвч УЯЛГЫН ОНОЛ, ҮНДЭСНИЙ ДЭЭД ҮНЭНИЙ ОНОЛ, ГЭР ИЭ-ийн онолоос эхлэн маш олон зүйлийг ухаж мэдэн, тайлах учир энэ талаар өнөөдөр бичихгүй гэнээ хэхэ... /бичье гэсэн ч би мэдэхгүй юм байна. хэхэ... дараа нь буурлуудаас сурч мэдчихээд л хуваалцая. Мэддэгүүд нь хуваалцаарай/  Өнөөдрийн хувьд эндээс 2 зүйлийг анхаарах хэрэгтэй юм шиг байна. Энэ нь юу гэвэл:

ИХ ЗАСАГ бол нүүдлийн соёлын ЭХ – ҮР  билээ.

... Алтайн дууч улир шувуу өндөг байгаад дэрвэж гарсан шиг 
    АЙЛААС ИХ ЗАСАГ ҮҮССЭН БИЛЭЭ...


За түр орхиод ХАС ТӨРИЙГ БАДРААХ СУДАРын нэг хэсгийг бас энд оруулах хэрэгтэй юм шиг байна. Зүгээр бичиж байтал шууд л ХАС ТӨРИЙГ БАДРААХ СУДАРыг нээлгээд байна. тэр нь 41 дүгээр хуудас байна. Ингэж өөрийн мэдэлгүй хөдөлдөг болчих гэж.
Уг нь энэ таван эрдэнэ тавуулаа уялдаатай байх ч Нэү ХЭМ эрдэнэ,  ИХ ЗАСАГ эрдэнэ 2ийг бичих хэрэгтэй юм шиг санагдаад байна.
Нэү ХЭМ эрдэнэ
Нэү тух нь хэмэндээ байхыг
Нэү ХЭМ хэмээн айлдсан билээ
Ний даяараа хэмтэй байж
Нэгэн зүгт зүтгэхийг
ХЭМ хэмээн айлдсан билээ
НЭҮ тух нь Ний даяараа
Нэгэн хэмэндээ байгаа аваас
Тэр нэгэн тусгаар эрдэнэ байдаг билээ.

ИХ ЗАСАГ эрдэнэ
Мэдвэл зохихуйгаас үүдэлтэй
Мэдсэн бүгдээс ургалтай
Төрийн их түшээд
Өндөр их МөрГүн дээдсүүдийн
Үлдээн өвлүүлж
Төр улсыг жаяглах гэж
Түмэн ардыг амар амгалан байлгах гэж
Хар бүхнийг дарах гэж
Дайчин удмаа мандуулах гэж
Бүтээсэн тэр эрдэнэ болбоос
ИХ ЗАСАГ байдаг билээ

Тусгаар тогтнол
                                                                         
Тулгын гурван  чулуу шиг
Тулгуур гурван эрдэнэ
Таван тусгаар тогтнол билээ

Хөх Монголын ард түмний эв нэгдэл нь
Таван тусгаар тогтнол эрдэнэ билээ.

Оршин амьдархуйг
ИХ ЗАСАГ-аар жаяглан
Эрдэм ухаанаар дүүргэж
Эв эеийг хичээх нь
Таван тусгаар тогтнолын суурь билээ. гэжээ за юу юу ч болоод явчихав даа. Анх бичих гэж байснаас минь арай өөр болчихвуу яав. За одоо учрыг нь олоодхоё.

Эхлээд АЛТАН СУДАР дээрх ЭХ ҮР гэсний учрыг бодъё. Эх үр гэдэг бол хэзээ ч салашгүй харилцаа бөгөөд нэг нь нөгөөсөө урган гардаг, нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж, дүүргэж байдаг тийм л харилцаа. Эх үрийг хэн ч салгаж дийлэхгүй. Салгалаа гэхэд юу болох уу. Эхээ алдсан үр ямар байхав, юу туулах вэ, үрээ алдсан эх ямар байхав гээд. Нөгөө талаар үр нь муу бол эх нь яаж зовохов, эх нь муу бол үр юуг туулах вэ гэх мэтээр ургуулаад бодоод байвал бичиж барахгүй юм болно. Буурлуудын зүйрлэх эрдмийг биширмээр.. Яагаад эх үрээр зүйрлэсний учир энд байна. Эх үрийн хоорондын харилцааг томруулаад бүх ард иргэн, айл өрх хийгээд засаглах хууль тогтоомж, хэм хэмжээний  хүрээнд аваачаад бодоход болох нь. Ингээд бодохоор ХУУЛЬ гээч нь ямар байх ёстой, яагаад хэрэгтэй нь гарч ирнэ дээ.  Мөн хууль ямар байвал хүмүүний аж амьдрал болоод хүмүүн хоорондын  харилцаа тэгш хэмтэй болох, ямар байвал хэм нь алдагдах, хэм нь дутах гэх мэт харьцаа, үр дүн нь гарч ирнэ.  Тиймээс ч сударт:
Алтайн дууч улир шувуу өндөг байгаад дэрвэж гарсан шиг
АЙЛаас ИХ ЗАСАГ үүссэн билээ. гэж ИХ ЗАСАГ-ийн үүсэл болоод шинж чанар, ямар байвал зохилтойг нь өгүүлж,
Алгайн дууч улир шувуу байгаад өндөг унагасан шиг
Оройн Дээд ГЭР ИЭ нь АЙЛыг үүсгэжээ. гэж үнэнд нийцэж хэм нь тэгширсэн үр дүнг өгүүлжээ. Энэ бүхнийг маш энгийнээр л бодох хэрэгтэй.

Айлаас ИХ ЗАСАГ үүссэн гэдэг нь өмнөх тэмдэглэл дээр л бичсэн агуулга гарч ирж байна. Хууль гэж юу юм? Орчин үеийнхээр хялбарчилбал хүн хоорондын харилцааг л шийдвэрлэх шийдэл шүү дээ хамгийн энгийндээ бол. Хүн гэдэг нь хэн ч байж болно. Нэг хүн буюу иргэн, нижгээд хүн буюу бүх төрлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд. Харилцаа буюу асуудал нь бас юу ч байж болно.
Оройн Дээд ГЭР ИЭ нь айлыг үүсгэнэ гэдэг нь үнэнд нийцэж тохирсон жинхэнэ хууль шиг хууль Төр улс оршин тогтнохын нэгэн үндэс болохыг хэлсэн утга гэж би тайллаа. Хууль шиг хууль гэж байнга тодотгохын учрыг доор бичнээ.

Харин ХАС ТӨРИЙГ БАДРААХ СУДАР дээрээс авсан нь ишлэл мөн л үүнтэй холбоотой. Нэү тухыг Ний даяар нь нэг хэмэнд нь байлгах гол багаж нь бол ИХ ЗАСАГ байх нь. Одооны хуулийн багш нарын заадгаар бол “нийгмийн бүхий л харилцааг хуулиар зохицуулна” гэж заадгийн л эх үндэс байна шүү дээ. Тэгэхээр ОРОН ЗАЙН эрдэнэ, ХААН эрдэнэ, АЙЛ эрдэнэ, НЭҮ Хэм эрдэнэ, ИХ ЗАСАГ эрдэнэ бүгд холбоотой нэг цогц байна. Одоогийнхоор бол Төр, эрх зүйн онол юм. Хуулийн сургуульд сурдаг, сурч байсан хүмүүс мэднэ биз. Төрийн онол гэж хичээл ордог доо. Тэр хичээлээр ТӨР оршин байх үндэс гээд 4 5-н юм байдаг байхаа. Нутаг дэвсгэр, хүн ам, хууль тогтоомж юу юу ч билээ тэр чинь л энэ байна шүү дээ гэж би бодож байна. Буруу зөвийг буурлууд хэлэх биз ээ. Энэ таван эрдэнэ тухай онол бол яах аргагүй л ТӨРийн онолын нэг хэсэг байх шиг байна. Энэ нь цаашаа өөр олон зүйлтэй холбогдоод явж өгөх нь дээ хэхэ... Энийг нь өөрөө ухаж мэдчихээд бичнэ ээ. Төр болон хууль хоёрыг бие биенээс нь салгах учиргүй тул энэ хэсгийг нь  ингээд цухас ч болов бичих хэрэгтэй юм байлгүй дээ хэн мэдэхэв.

Ингээд өнөөдрийн сэдвийн  гол санаандаа оръё.

ИХ ЗАСАГ хуулийн нэгдүгээр бүлэгт яагаад ИХ ЗАСАГ хуулийг батлан тунхаглах болсон тухай 8 зүйл бий. Заримаас нь энд бичье. “Үр хүүхэд нь эцэг, эхийнхээ үгийг сонсохгуй, дүү нар нь ахынхаа хэлж шаардсаныг дагахгүй, эр нь эхнэртээ итгэхгүй, эхнэр нь эрийнхээ хэлсэн үгийг даахгүй, дагагдагсад нь ахлагчаа хүндлэхгүй, ноён нь ард албатынхаа дунд орж хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй болжээ. /2-р зүйл/
Баячууд нь ядуучуудаа тэтгэн дэмжэхийг хүсэхгүй, газар сайгүй тайван суухыг бодохгүй, нийт овог, аймаг, төрөл, садан угсааны дэг журам бүр алдаж, сүр сүлдгүй болоход хүрчээ. Бидний явж очсон газар болгонд дур зоргоороо авирласан танхай балмад хүмүүс олон дайралдаж байна. Худалч, хулгайчаас гадна урвагч дээрэмчин хүртэл бий болсоор байна. Иймээс миний бие олныхоо хүсэл эрмэлзлэл, захиасыг даган энэхүү мөчид хатуу чанга, дэг ёсоор тэднийг засч нэгтгэн энх амгалан зол жаргалыг энэ нутагтаа тогтоон хүртээхийг чармайх хэрэгтэй болов /3-р зүйл/”. Энд ИХ ЗАСАГ батлан тунхаглахын гол шалтгааныг элдэв чамин зүйлгүй энгийнээр л бичжээ. Өнөөдөр ч мөн ийм байдалтай л байна. Хэн нэг нь ИХ ЗАСАГ хуулийн энэ заалтуудыг уншаад юун хачин балай юм бэ ийм юмыг хууль гэдэг юм уу гэх байх. Би ч оюутан байхдаа тэгэж бодож байсан юм. Одоо харин тэрнээсээ ичиж байна. Уг нь хууль гэдэг мэдэмхийрэл биш, ойлгох ойлгохгүй үгсийн чамирхал ч биш, оршин буй зүйлийг л жаяганд нь оруулах дэг жаяг шүү дээ.  Одоо Монгол улсад үйлчилж байгаа 400 орчим хуулийн дунд “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах өргөн мэдүүлэх журмын тухай хууль” гэж нэг хууль байдаг. Тэр нь яадаг хууль вэ гэхээр товчхондоо Монгол улсын хууль ямар байх ёстой, хэн яаж боловсруулж, хэн яаж хэлэлцэх, хууль батлахад юуг харгалзан үзэх ёстой зэрэг асуудлуудыг  зохицуулсан хууль юм. Уг нь их гоё хууль даанч хэрэгждэггүй юм. Энэ хууль хэрэв хэрэгждэг байсан бол хуулийн цоорхой, хууль хэрэгжихгүй энэ тэр гэсэн асуудал байхгүй л байх байсан даа. Энэ хуульд үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих; гадаад үг хэллэг, нэр томъёо ашиглахгүй байх, тэгээд тухайн боловсруулж байгаа хуулийн асуудлаар мэргэшсэн мэргэжилтэн, судлаачид, иргэдийн санаа бодлыг тусгах энэ тэр гээд гоё заалтууд байдаг юм. Харамсалтай нь одоо байгаа хуулиуд маань найруулга зүйн хувьд ойлгомжгүй энгийн иргэн бүү хэл мэргэжлийн хүн, эсвэл хуульчид нь уншаад ойлгохгүй, арай гэж ойлгодог хуулиуд цөөнгүй. Мөн хоёрдмол утга бүхий хуулийн заалтууд дийлэнх. Үүнийг нь талууд өөрсөддөө ашигтай байдлаар ашиглан бусдыг хохироох нь элбэг бөгөөд ийм маягаар жирийн иргэдийг хохирооно. Хоёр үзүүртэй зүү л гэсэн үг хаашаа ч хатгаж болно. За тэгээд тусгай мэргэжлийн болон гадаад үг хэллэг бас цөөнгүй тиймээс аан тийм юм байлгүй дээ гээд маллуулаад үлдэнэ. Ядаж л гааль болон татвар тооцох аргачлал нь энгийн хүн ойлгохоор хялбар байж яагаад болдоггүй юм бэ. Гээд яриад байвал асуудал дуусахгүй. Иймээс л  ХУУЛЬ ШИГ ХУУЛЬ гэж тодотгоод байгаан. Энэ бүхэн юутай холбоотой юм гэвэл бид МЭДВЭЛ ЗОХИХУЙГ мэдэхгүй болсонтой холбоотой. Өөрсдийн мэдвэл зохихуйгаа гээсэн учраас өрөөлийн юмыг нутагшуулах гэж хичээж байгаатай л холбоотой байж таарах нь дээ. Өөрөөр хэлбэл бид юмыг энгийнээр, байгаагаар нь харж чадахаа байжээ. Дээрх шиг асуудлаа байгаагаар нь энгийнээр тодорхойлоод шийдлийг нь боловсруулахад уг нь болмоор.
ИХ ЗАСАГ хуулийн 5, 6, 7-р зүйлүүд мэдвэл зохихуйтай холбогдоод байна. Харахад хэн ч бодоожийн, мэдээжийн юм бичсэн мэт боловч ухаж ойлговол өөр. Жишээ нь 6-р зүйлд ... Хүмүүс хоорондоо нэг нь нөгөөгөө өөрийн бие мэт үзэж хайрлан асрахыг эрхэм болгох хэрэгтэй... гэж заасан. Энэ өнгөц харахад аав нь хүүдээ хэлдэг энгийн л нэг үг мэт бодогдох байх. Энийг хуульчилан тогтоох хэрэг байна уу гэж одоо бол олон хүн шоолон инээх биз. Гэтэл энэ бол заавал хууль мэт даган биелүүлэх зүйл байна. Учир нь үүний үр дагавар маш өргөн  хүрээг хамрана. Жишээ нь дээр ХАС ТӨРӨӨР БАДРААХ судраас ишлэсэн Тусгаар тогтнолын тухайд ... эв эеийг хичээх нь таван тусгаар тогтнолын суурь билээ гэсэн байгаа. Таван тусгаар тогтнол нь төр улсын аюулгүй байдалтай холбогдоно доо. Тэгэхээр чухал биш энгийн зүйл, чухал биш бага зүйл гэж үгүй байна. Эв эетэй байхын гол суурь нь өрөөлийн биеийг өөрийн бие мэт үзэж хайрлан энэрэхэд л байна.
Цаашилбал, ИХ ЗАСАГ хуулийн 7-р зүйл байна. Тэнд бусдыг гомдоох, хэрвээ гомдогсод байгаа бол тэдэнд хандан бүрмөсөн уучлалт гуйх ёстой... гэх мэт хэн мэдэхгүй байсан юм гэмээр зүйлсийг хатуу тогтоосон байгаа. Тэгвэл энэ бүхэн нарийн учиртай юм байна лээ. Гомдох гомдоохын учрыг өргөөний Тэнгэрийн заадас улаачийн буурал тайлсан байгаа. Удамд хийсэн хараал жатгийг тайлж, засаж болдог харин хэн нэгийг гомдоосон гомдол, хэн нэгэнд гомдсон гомдлыг туулж бардаг жамтай гэж тайлж өгсөн. Энэ мэт мэдвэл зохихуйг мэдэх учир энгийн атлаа амьдрал, оршихуйд хамгаас хэрэгтэй зүйлсийг хуулинд тогтоож өгсөн нь өнөөдөр өвгөдөөсөө сурах зүйл ажээ. Өнөөдөр бол энгийн хирнээ амьдралд хамгийн хэрэгтэй тэр бодит үнэнийг л орхигдуулсанаас хууль нь хууль шиг байж чадахгүй байгаа юм. Тиймд мэдвэл зохихуйг мэдэлгүйгээр жинхэнэ жаяг тогтоож чадахгүй нь дээ.

За цаг гарган уншиж байгаа хүмүүс өршөөгөөрэй. Өнөөдөр тун хүнд нөхцөлд бичсэн тул нуршуу, ойлгомжгүй бичсэн байх магадгүй тул өршөөж хайрлаарай. Дараа дараадаа ийм алдаа гаргахгүй байхыг хичээнээ.
ИХ ЗАСАГ хуулийн олон олон дээдсүүдийн улаач үрсүүд нь бас алдааг минь засан, өөрсдийн ухаж мэдсэнээ бичих байхаа.

Дуусгахаасаа өмнө заслын тухай нэг зүйл хэлмээр санагдаад. Би өнгөрсөн хугацаанд цээртэй байсан тул өөрийн удмынхны засал хийх шаардлагатай хүмүүсээ заримийг нь Заргач улаач руу явуулж байлаа. Манайхан сүүлдээ найз нөхдөөсөө дагуулан очдог болов. Мэдээж буурал, Дээдүүд мундаг байгаа учраас л хүмүүс нэмэгдэн очоод байгаа хэрэг. Тэд маш ам сайтай байх бөгөөд Заргачийн буурал, дээдсүүдэд үнэн сэтгэлээс хайртай байгаа нь ярианаас нь мэдэгдэж байлаа. Тэр буурал тэгдэг, энэ дээдэс нь ийм гээд л хэхэ.... Тэгээд засал хийлгүүлэн байгаа хүмүүсийн яриаг сонсоод нэгэн зүйл бодов. Тэд буурал, дээдсүүдийн тухай болон буурлуудын буулт, айлдсан сургаалийн талаар ярьж байгаад нэг нь хэлэв.  Гэрээсээ явсан хүнийг яаж эргүүлж авчирдаг юм бол. Нэгэнт явсан хүн чинь сэтгэл нь хөрөөд л явсан байна биздээ гээд тэрийг яадаг юм бол гээд би баахан бодлоо. Яадаг юм бол? гэв. Харин буурлууд нь улаачдаа сэтгэлийг нь эргүүлнэ гэж хэлсэн байж. Тэгээд заслын үр дүн нь гарч эхэлсэн бөгөөд бид дээр дооргүй бөөн баяр болов хэхэ...зүгээр нэг баяр биш үнэн сэтгэлийн баяр бахдал байлаа.  Хийж буй үйлийн үр дүн бодитоор гарна гэдэг улаач нарын хувьд маш том итгэл, харин заслаа хийлгүүлсэн олонд бол үүн шиг сайн сайхан зүйл хаа байхав. Үүнээс үүдэн заслын талаар жаахан бодов. Засал гэдэг бол уг үндэс, учир шалтгааныг нь засаж байж л засал болох нь. Энэ бодлоо эвдэрсэн ширээнээс эхлэн хэм нь алдсан бүх зүйлд аваачин бодож үзлээ. Эвдэрсэн төрд хүртэл заслыг яаж хийвэл засал болхов гээд л. Тэгэхээр энэ засал гэдгийг дан ганц буурлууд болон улаачийн үйл мэт бодож болохгүй мэт. Тиймээс л буурлууд засал хийлгүүлэгчийг өөрсдөө итгэх нь чухал гэдэг байх. Үүгээр Заргач улаачийн өндөр дээдүүдэд сэтгэлээсээ талархаж байгаагаа дамжуулъя. Омог отгийн минь үйлийг цаараглалгүй хийж өгсөн тэдгээр буурал дээдүүдийг чин сэтгэлээс баярлуулахыг хүснэ.
Буурал, дээдүүддээ таалдаг идээ ундааг нь барина аа хэхэ...

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.