Friday, June 21, 2013

ХААН ХАЙРХАН, ХАМАГ ДЭЭДСҮҮД МИНЬ ӨРШӨӨ

Хаан Хайрхан, Халдун Хайрхан минь... сайханаас сайхан хангай юм... Үнэхээр сайхан. Би өөрөө жаахан байхдаа зуны амралтаараа дандаа говьд очиж амардаг байсан болоод ч тэр үү хангай нутгийг нэг их сайн мэдэхгүй. Хаа нэг булган хангайн нутагт очиж амардаг байсан ч тун тоотойхон удаа юм.
Үнэхээр үзэсгэлэнтэй, сайхан хангай юм. Урьд олон жилийн туршид, олон зууны өмнө эцэг өвгөд минь энэ нутагт яаж амьдарч, юуг юуг туулан байсан бол гэхээс хайрлахгүй байхын аргагүй. Зовсон цагт ч, ялсан цагт ч энэ л нутгаа тэмцэн, ямар их үйл, ямар их түүхийн гэрч болон өнөөдрийг хүрээ бол гэж бодохоос сэтгэлийн гүнд гуниг төрж, хүүгээ санаж хүлээсэн эх хүн оровч гаравч бараа харан уймарч бариж тависанаа мартдаг шиг л сэтгэл уймран уйлмаар ч шиг болж байлаа. Ер нь хайрханаас гэртээ ирсэн хэд хоногт ч сэтгэлийн уймраа гарч өгөхгүй хэд хонов. Сэтгэлийн ийм мэдрэмжийн хажуугаар гомдол, гэмшил хослон намайг зовооно. Хайрхан тахилгаас хойш өөрийгөө нэг сайтар тогтон шинжих хэрэг гарав.

Wednesday, June 5, 2013

ЭЛДЭВ БОДЛУУД


Сэтгэл нэг л гунигтай байсаар хэд хонов. Ар араасаа хөвөрсөн асуудлаар ч баялаг өдрүүдийг сүүлийн 10аад хоног гэж бодсон маань яг тоолоход бараг л бүтэн сар болох дөхжээ. Ингэж цаг хугацааны мэдрэмжээ алдах гэж байдаг л юм байна. Уг нь энэ мэт хувийн асуудлууд бусдад хамаагүй бөгөөд цаг зав гарган уншигч хэн нэгэн байваас би тэр эрхэм хүнийг өөрийн асуудлаар залхаах эрхгүй гэж боддог тал бий. Гэвч урьд цагаан дээр хараар бичсэн амлалт болоод асуудал дундаас ойлгон авсан ганц нэг зүйлээ бусадтай хуваалцахад буруудахгүй байх гэж сэтгэв. Гэхдээ гунигтай гэхээр хийх зүйлгүй дээш харан дэмий хэвтсэн хэрэг биш юм хэхэ.