Tuesday, April 23, 2013

ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖИЙН ТУХАЙД


Яаж бичихээ нэлээд бодов. Өгүүлбэр, заалт бүрээр нь бичээд байх юм уу гэтэл үгүй. Уншиж эргэцүүлэн, өнөөдөр ямар байгаа билээ, тэр нь болж байна уу үгүй юу, болохгүй бол яагаад юу нь болохгүй байна, тэр болохгүйг яаж болгож болох уу гэх мэтээр бодож бичих юм болов уу гэж бодтол Дээдсийн бичээд байдаг, сударт байгаад байдаг ӨНГӨРСӨНӨӨС ИРЭЭДҮЙГ ӨНӨӨДӨР  БҮТЭЭХ гэж гэнэт бодогдов. Бодвол энэ л арга зам нь юм байлгүй.
Уг нь эхнээс нь эхлэн бичмээр байтал энэ засаг захиргааны нэгж нь л бодогдоод болохгүй тул өнөөдөртөө үүнээс нь эхлэе дээ. Нэг зүйл зүгээр сануулахад судлаачдын бичдэгээр бол Их Засаг хууль бүрэн эхээрээ одоог хүртэл олдоогүй байгаа юм гэсэн. Дээдэс бичихдээ үлдсэн нь ёс заншилаас олдох байх гэсэн нээрээ үнэн шүү. Тэр үеийн ИХ ЗАСАГ ёс заншил болтлоо хэрэгждэг байж. Энэ бол мэдээж амьдралд нийцтэй бодитой хууль байсаан гэсэн үг. Гэтэл өнөөгийн хууль юу вэ. Энгийн иргэд дагаж мөрдөх нь бүү хэл хуульч нар нь хэрэглэдэггүй, мэдэхгүй маш олон хууль бий. 400 гаран хуультай гэж байгаа. Хууль нь гууль болсон гэж ярьдаг биз дээ. Өнөөдөр яг л тийм байна. Ер нь энэ үг хэзээ,  хаанаас гарсан юм бол. Хууль нь гууль болоод байгааг харсан нэг нь харамссандаа гаргасан юм болов уу эсвэл хууль нь гууль болог гээд хараагаад хэлчихсэн үг юм уу бүү мэд. За ямар ч байсан энэ бол хамгийн муухай үг.
За тэгээд хууль хэрэгжүүлэх тодорхой зохион байгуулалт үгүй, байгаа нэг нь ажилдаггүй, хэрэгжилтэнд хяналт тавина гэж бүүр байхгүй. Ингэхээр Засгийн газар хэрэгжүүлж, УИХ хяналт тавина гэх байх. Хуулиараа тийм ч энэ бүтэлтэй санаа гэж би лав бодохгүй байна угаасаа бүтэхгүй гэдэг нь хууль нь хэрэгждэггүй, хэн ч хяналт тавьж чаддаггүйгээр илэрч байна. Тэгвэл яагаад гээд бодохоор яалт байхгүй энэ засаг захиргааны нэгжийн асуудалтай холбогдоод байна даа.
Нүүдлийн шувууд шиг ирж буцдаг ийм засагтай, төрийн бодлогын уламжлал уялдаа холбоо гэж байхгүй, мэргэшсэн, тогтвортой байх ёстой төрийн алба нь улс төрчдийн буянаар байнга холигдож солигдож байдаг болсон өнөөдрийн бүтцэд, өнөөдөр гарч ирсэн нь өмнө байсныгаа “буруу болохгүй” гээд хялайж харахгүй байхад ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖ Л ХАМГИЙН ЗӨВ, ХАМГИЙН ХҮЧТЭЙ БАЙХ хэрэгтэй юм шиг.
За ингээд бодохоор НЭГДҮГЭЭРТ, хууль шиг хууль буюу яг асуудлаа олсон, бодитой, амьдралд нийцэхүйц тийм хууль батлахад зайлшгүй хэрэгтэй зүйл нь засаг захиргааны нэгж. ХОЁРДУГААРТ, баталсан тэр хуулийг ягштал хэрэгжүүлэх арга зам нь бас л засаг захиргааны нэгж гэж санагдаад байна даа.
Эхлээд ИХ ЗАСАГ хуульд байдаг ЗЗН-ийн хуваарилалтын тухай заалтыг түүчихье. Хэхэ хичээл хийж байгаа юм шиг санагдчихлаа.  
Хааны эрх мэдэл төрийн байгуулалт гэсэн 2-р бүлгийн 19-р зүйл:
Түмт, мянгат, зуут, аравтын байгууламж бол Монгол улсын засаг захиргааны хийгээд цэргийн ангийн дотоод бүтцийн аль альных нь дотоод бүтцийн үндсэн нэгж болмой.

Засаг захиргааны журамд захирагдах. Ёс хэв заншлын тухай хууль гэсэн 3-р бүлгийн 23-р зүйлд:
Монгол улс өөрийн бүх ард иргэдээ засаг захиргааны хувьд захирахын тулд тэднийг түмт, мянгат, зуут, аравтын байгууламжид хамааруулан эдгээр нэгж бүрийг удирдах ноёдыг томилмой

За ингээд ургуулаад бодоод байна даа хөөрхий хэхэ... уг нь өдөр зөндөө бодож гоё гоё санаанууд гоё гоё үгээр ундраад л хэхэ...даанч тэр дор тэмдэглэж авахгүй болохоор мартчихаж байгаа юм. Дуу хураагуур шиг бодол хураагуур байсан бол хичнээн амар. Тэрийгээ дараа нь сонсоод л буулгачихдаг бол сайхан аа хэхэ...  Даанч өдөр юм бичнэ гэдэг ёстой од шүүрэхтэй адил. Хэхэ... өдөр би энэ 3 хүүхэдтэйгээ ямар байдалтай байдгийг надтай хамт ганц өнжихөд л мэднэ хэхэ. Орой гэртээ харихдаа чихнээс авахуулаад хамаг юм чинь ядарсан байх биз. Манай бага ч ах эгч 2ийн хатуу хашгираан дунд хүмүүжиж байна даа хэхэ. Ярих юм биш. За тэр яахав.
Дээр миний хэлсэн хууль шиг хууль батлах, түүнийг хэрэгжүүлэх 2 үйл явц нь яагаад ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖТЭЙ холбогдоод явчихав гэхээр хууль батлахад тэр батлагчдыг иргэдийн зүгээс бодит мэдээллээр хангах, нөгөө талаас хуулийг хэрэгжүүлэхийн тулд бүх иргэдэд хуулийг таниулах асуудалтай холбоотой шүү дээ. Өөрөөр хэлбэл ҮНЭН, БОДИТ МЭДЭЭЛЭЛ.
МЭДЭЭЛЭЛГҮЙ байна гэдэг бол маш аюултай. Худал мэдээлэл тэрнээс аюултай. Хэрвээ төр иргэдийн амьдралын талаар ямар ч мэдээлэлгүй төр яаж, ямар хууль баталж, ямар бодлого шийдвэр гаргах вэ гэдэг нь ойлгомжтой. Миний мэдээ орсон цагаас л бид тийм байна даг.
Жишээ нь өмнөх Засгийн газрын сангийн дэд сайд Ганхуяг өргөн хэрэглээний нэг болох талхны үнэ мэдэхгүй нүүрээ түлээ биздээ. Хүмүүс шоолж инээгээд. Уг нь бол инээдэм биш ханиадам байхгүй юу. Ард иргэдийнхээ амьдралын хамаг л асуудлыг шийдэх гэж байж ард иргэдийн бодит амьдралын талаар юу ч мэдэхгүй. Тэгээд нэг мундаг гадны хөрөнгө оруулалт, үнэт цаас ярьсан ганган залуу. Одоогийн засгийн газар бөөн реклам л яваад байх шиг.
Аа харин иргэд Төрийн болон төрийн түшмэдийн бодлого шийдвэр, үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэлгүй бол юу болох уу. ХАРДАЛТ болно. Миний бодлоор бол БУГШМАЛ ХЭЦҮҮГИЙН ТАВАН ЗУУН ТАВИН ШАЛТГААНы нэг бол хардалт мөн гэж л бодож байна.  Нөхрөө хардах гэхэд л эмэгтэйчүүдэд ямар их шаналал авчирч үр дүн нь юу байхав. Лав сайнаар дуусахгүй. Тэгвэл хардалт юунаас эхэлдийн. Хаана юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй учраас хардалт эхлэнэ. Бөөн хэрүүл болно, үл итгэх байдлаар үргэлжилнэ, эв найрамдалгүй болно гээд л. Тэгвэл ард иргэд Төрөө хардаж эхэлвэл төрдөө итгэхгүй, итгэхгүй учраас төрөө дээдлэхгүй, дээдлэхгүй учраас гаргасан шийдвэрийг нь дагаж мөрдөхгүй, ингээд шийдвэрийг нь дагаж мөрдөхгүй бол төр байх хэрэггүй, төр, хууль цааз байхгүй бол эмх замбараагүй байдал хаа сайгүй үргэлжилэх болно.
Ингэхээр ХАРДАЛТЫГ юугаар эмчлэх вэ гэвэл ИТГЭЛ. Итгэлийг яаж төрүүлж, бий болгох вэ гэхээр хаана юу хийж, яаж байгаагаа үнэнээр нь ил тод нээлттэй хэлж, сайтар ярилцах. Өөрөөр хэлбэл иргэдээ мэдээллээр хангах. Тэгэхээр төр хүн бүртэй очоод яриад байж чадахгүй, иргэн бүр төрд ирээд үгээ хэлээд байх боломжгүй. Тэгэхээр үүнийг холбох гүүр хэрэгтэй. Тэр гүүр нь ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ.
Өөрөөр хэлбэл,  нэг талд хууль батлагч  буюу арга зам, шийдэл нь байгаад байдаг, нөгөө талд ард иргэд буюу амьдрал асуудал нь байгаад  байдаг харин үүнийг уялдуулах УЯЛГА нь байхгүй болчихоод байна.
Харин тэр зөв зохион байгуулалт буюу уялгыг өвөг дээдэс минь сайтар харж хийж чаджээ. Тиймээс төр бол үнэнч байх ханийн нэг бөгөөд хүндлэн дээдлэх оройн дээд болж чадаж байж. Аравт, зуут, мянгат, түмт бол хамгийн шилдэг байгууламж гэж өмнөх бичлэгтээ хэлж байсан даа.
Аравт гэдэг бол бие биенээ сайн мэддэг 10 айл. Аливаа нэг асуудлаар 10 айл дахь иргэдийн санаа бодлыг сонсоод, хэлэлцээд, зөв гэснээ гаргаад ирэх нь цаг хугацааны хувьд ч үр дүнгийн хувьд ч боломжтой. Яг энэ зарчмаар дээшилсээр бүх иргэдийн амьдралын бодит байдлын тухай мэдээлэл, тэд үүнийг яаж шийдмээр байгаа тухай санал төрд ирнэ. Энэ тийм их хүндрэлтэй, бөөн хөрөнгө үрээд байх ажил биш. Энэ бүхнийг уншин танилцаж, хэлэлцэн шийдвэрлэснээр төрөөс гарч байгаа хууль тогтоомж маш энгийн бөгөөд хамгийн үнэн байж чадна.
Тэр гарсан хуулийг мөн л түмтээс аравт хүртэл нөгөө зарчимаараа өрх нэг бүрт, хүн нэг бүрт хуулийг таниулна. Бас энэ бүтцээр хуулийн хэрэгжилтэд хяналт тавиал биелүүлээгүйд нь аравт, зуут, мянгатын дарга нар зохих арга хэмжээг нь дор бүрт нь аваад яваад байх боломжтой.
ИХ ЗАСАГ хуулинд аравт, зуут, мянгат, түмтийн захирагчдыг яаж ямар шалгуураар томилох, тэд юу хийх болон хуулийг хүн бүр хэрэгжүүлэх хэрэгжүүлэхгүй бол ямар арга хэмжээ авах талаар маш тодорхой бий. Би ГӨ болон энэ блогт бас мэдэгдээд байгаа ИХ ЗАСАГ хуулийг оруулсан байгаа тул хүссэн нь тэндээс уншихад л болно. Харин Gereltuya Tumurkhuyag-т хандаж хэлэхэд ямар номноос оруулсанаа харж бичнэ гэчихээд одоо болтол бичээгүй байгааг харж үзэн уучлаарай хэхэ. Учир нь би одоо болтол тэр номоо хүнээс аваагүй л байна.
Харин одоогийн нэгжээр энэ бүгдийг бас хийгээд явах боломжтой л баймаар юм гэтэл яг өдийг хүртэл болоогүй юм болоо. Энэ талаар тодорхой ажил хийж үзсэн л байх гэтэд яагаад болохгүй байна. Би аль ч шатны засаг дарга хийж үзээгүй болохоор мэдэхгүй байна л даа. Харин засаг дарга хийж байсан туршлагатай гишүүд минь туршлага, мэдлэгээсээ хуваалцан бичвэл хичнээн сайн.
Одоогийн орон нутагт баг, сум, аймаг, нийслэлд хороо, дүүрэг, нийслэл гэдэг энэ бүтэц болж байна гэж та бодож байна уу. Энэ тал дээр Мядагмаа ТМГ эгч их олон зүйл хэлж чадах. Та хэлж өгч туслаарай.
Надад бол нэг л болж өгөхгүй санагдаад байгаам даа. Зарим сум дүүрэгт бага хүн ам, зарим сум дүүрэгт их байдгаас зарим нь хотын статустай болмоор байна гээд л зарим сум нь нийлмээр байна нэгдмээр байна гээд зарим нь салмаар байна сарнимаар байна гээд л асуудлууд гардаг. Харилцан адилгүй байдлаас болж хөгжил харилцан адилгүй. Түүнээс ургаад хөдөөгийн залуус амьдралаа бодож хот бараадна. Түүнээс нь ургаад хотод ажилгүйдэл, ядуурал их. Тэгээд нөгөө агаар, хөрсний бохирдол, ачааллаа, даахгүй байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд л бөөн асуудал. Аливаа юмны зүй зохистой хэм хэмжээ гэдэг энэ бишүү. Үүнийг буурлууд маань бас л судартаа бичсэн. Хэм, хэм нь алдах, зохистой хэмтэй байх талаар маш олон газар гардаг энэ талаар бас судруудаас уншиж мэдэх шаардлага гарах нээ.
Нэг дороо бөөгнөрөн заваарч байх хойгуур, ар хударгаар бүх талаараа эзэнгүйдсэн хөдөө орон нутагт маань хөрөнгө оруулагчид гэх гоё нэртэнгүүд дураараа дургиад л. Тэгээд орон нутагтаа үлдсэн цөөхөн хэдэн малчид энэ талаараа хэлж ярихаар хүчгүйдээд байдаг, орон нутгийн ноёд нь сонсдоггүй, төр нь авч хэлэлцдэггүй. Судар дээр гардаг “хариуцах эзэнгүй тул хөвчийн баавгай үнэгүй” гэдэг л болж байна даа.  
Тэр хот руу нүүгээд байгаа нүүдлийг хүчээр зогсооё гэхээр иргэний Үндсэн хуулинд заасан эрх байна. Гэтэл Их засагт энэ талаар “Засаг захиргааны журам зөрчиж өөр мянгат, зуут буюу аравтад шилжин явсан хүнийг олны өмнө хүндээр шийтгэмой. Тэрхүү шилжин ирсэн ард иргэд хийгээд цэргийн хүнийг өөрийн талд оруулан авсан буруутай хүнийг мөн нэг адил хүндээр ял шийтгэмой” гэж заасан байдаг. Энэ бол алсын үр дүнг нь харж хийсэн зохицуулалт байгаа биз. Дураар дургивал хэм нь алдагдана шүү гэсэн сануулга болохоос иргэний эрхийг хорьсон тухай асуудал биш. Тэгэхээр дахиад ХЭМ гээчийг сайтар бодож үзэх хэрэгтэй болохнээ. Мөн судар дахь ЭРХИЙН АЯЛГУУ болоод ЭРХИЙН МУНХАГЛАЛЫГ мөн уншиж, ухвал зохихнээ. Эрхийн мунхаглалын тухай хурганд хурганы эрхийг эдлүүл гэх мэтээр бичсэн байдаг санагдана. Дахин уншвал сайтар бодох зүйл гарна. Өөрөөр хэлбэл хүү би ардчилсан нийгэмд амьдрагч бүрэн эрхтэй хүү аавынхаа аав болно гэж зүтгэвэл энэ эрх биш эрхийн мунхаглал болох бишүү. Тэгэхээр ардчилал гэдэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхийн нэр биш. Харамсалтай нь ардчилал нэрийн дор жиргэгчид олон байна даа.
Ёооё бодоод байсан чинь ХЭМ нь алдагдаад юм гэж байна уу айн.
За за тэгэхээр одоо байгаа засаг захиргааны нэгжид ямар зохицуулалт хэрэгтэй байна вэ. Энэ асуудалд Өнгөрсөнөөс өнөөдөр ирээдүйг яаж бүтээх вэ. БҮГДЭЭРЭЭ БОДЛОО УРАЛДУУЛЦГААЯ тэгэх үү.
Би ч гэсэн үргэлжлүүлэн сайн бодно оо. Өнөөдөртөө ингээд дуусгая.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.