Wednesday, February 20, 2013

ТӨРИЙН БОДЛОГО буюу УЯЛГА ДЭЭДЭС

Энэ гарчигийг тавиад бүтэн 2 сар болчихов. Ажил дээрээ байх, алхаж явах, хоолоо хийх, гэрээ цэвэрлэх үед төвөггүй хөврөх бодлуудаа бичиж буулгах гэхээр нэг л ая нь олдохгүй, эв нь таарахгүй байсаар ийн уджээ.  Яагаад бичиж болохгүй, дуусгаж ч болохгүй байгааг гайхаж гайхаж УЯЛГА ДЭЭДЭС хэмээх өндөр дээдсийн талаар өчүүхэн төдий мэдлэггүй атал дур зоргоор алдар нэрийг дурдсанаас болсон мэт санагдана. Гэвч болохгүй бол бичихгүй ингээд хаячихъя гэхээр бас байнга бодогдон өр нэхэх мэт мэдрэмж төрүүлнэ. Бичихгүй байж болдоггүй бичиж бас болдоггүй энэ тэмдэглэлд би харин бүрэн бүтэн бууж өгөв хэхэ...


Яагаад Төрийн бодлого Уялга Дээдэс хоёрыг холбон бодох болсоноос эхэлбэл арай дөхөм ч юм шиг. . .


Өнгөрөгч зуны 6 дугаар сар байна уу яг хэдийд гэдгийг нь мартаж. Утаа удган Өргөөнийхөнтэй анд бололцоод удаагүй байсан санагдана. Бас ч угаа авч босч амжсан байсан бөгөөд хагас сайн бүрт Гаамаа эгчийн удирдан явуулдаг Алтан судрын тайлал дээр ирсэн байв. Би тэр өдөр хоцорч очсон ч Утаагийн буурлууд судар тайлахад туслаж байсан хамгийн сонирхолтой үед нь яваад оржээ. Тэр үед “Хөх Моногоуулыг ний-хэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит их засаг-ийн алтан дээд үнэний аялгуу” хэсгээс уншиж байсан санагдана. Судрын шадуудыг унших үед Утаагийн буурлууд тэр үйл явдал, орон газар, цаг хугацааны заримаас харуулж байсан бололтой. Цөөнгүй сонирхолтой зүйл тайлж, мэлмийдэж өгсөн ч УЯЛГА гэдэг нэр гарсаныг тайлж тайлбарласан хэсэг миний сэтгэлд, тархинд балрашгүй үлджээ.  Тэрээр:

-УЯЛГА гэж нэг их урт цагаан сахалтай өвгөн байна. Хүн юм байна шүү. Гэхдээ энэ нэр нь өөрийнх нь алдар биш. Яг жинхэнэ алдар нэр нь өөр нэр харагдаад байна. /Тухайн үед би уялгын онол л гэж уншиж, сонсож байсан тул энэ нь хүний алдар гэхийг сонсоод их л сонирхолтой санагдав/ Тэр хүнээс гадна дахиад 10 хүн байна. Тэгээд энэ хүмүүс нийлээд улс орны өнцөг булан бүрээр яваад бүх айлуудаар орж ард иргэдээс саналыг нь авч судалгаа хийсэн байна. Тэр судалгаагаа нэгтгээд Төрийн бодлого болгож гаргадаг юм байна гэж ярив. Энэ багийг энэ УЯЛГА гэдэг хүн ахалдаг юм байна...

Энэ хэсэг надад маш их сонирхолтой санагдав. Зүгээр ч нэг биш, хамаг юм гижигдэж, мартсаныг сануулж унтсаныг сэрээнэ гэдэг шиг л. Учир нь энэ миний хийдэг ажилтай адилхан. Адилхан ч гэж дээ ерөөс манай байгууллагын, миний хийдэг, хийх ёстой ажил байв. Тийм ч учраас их ойрхон, бас их сонирхолтой санагдсан хэрэг.

Урьд өмнө судрын тайллыг сонсож байхад “Уялгын онол” гээч нь “ахуйн онол” юм одоогийнхоор бол “менежментийн онол” гэж тайлцгаадаг байлаа. Гэтэл энэ зүйлийг сонсоод УЯЛГЫН ОНОЛ гэдэг бол Төрийн бодлого боловсруулах, зүгээр нэг боловсруулах биш оночтой, мэргэн бодлого боловсруулж, тэр бодлого нь ард иргэдийн амьдралын хамгийн энгийнээс эхлэн нарийн ширийн бүх л харилцааг үнэн зөвөөр зохицуулах чадвартай байх, ийм чадвартай байна гэдэг нь тэр хууль, дүрэм, зарлиг, тушаал заавал хэрэгждэг байсаны гол үндэс юм байна. Энэ бол ТӨРИЙН ОНОЛ юм байна гэж бодогдох болов. Угаас төр гэж юу вэ, төрийн бодлого гэж юу вэ, төрийн юуны тулд оршин тогтноно вэ, төрийн чиг үүрэг юу вэ гээд ухан бодвоос Төрийн бодлого болон батлагдан гарч буй хууль тогтоомж, тэр үеийнхээр зарлиг, шийдвэр, хууль нь тухайн төр улсыг бүрдүүлж буй иргэдийн ахуй амьдралыг л зохицуулахаар гарч буй шийдвэрүүд юм  гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэгэхээр үүнийг орчин цагийнхаар Төрийн онол, харин тэр үед ахуй амьдралын аливаа асуудлыг уялгалан зангидан зохицуулах тэр арга замыг УЯЛГЫН ОНОЛ гэж нэрлэж байсан байж болох юм гэж бодогдох болов. Тиймээс ч энэ гол ажлыг удирдан зохин байгуулж байсан мөргүн Дээдсийг УЯЛГА хэмээн нэрийддэг байсан уу хэн мэдлээ. 

Энэ бодол минь улам даамжирсаар эцэс төгсгөлгүй хөврөх их бодол болон толгойноос салахаа байв. Уг нь би гэдэг хүн хар нялхаасаа жүжигчин болно гэж мөрөөдөж телевизийн олон ч хүүхэлдэйн жүжигт тоглон, Хүүхдийн ордны жүжгийн дугуйланд явдаг байснаа 10 дугаар ангиа төгсөх үеэс гэнэт хуульч мэргэжилийг сонгон 360 градус эргэж байсан юм. За тэгээд зогссон бол нэг хэрэг. Хуулийн ангийг эрх зүйч мэргэжилээр төгсөөд иргэн, эрүү, захиргааны чиглэлээр ажилласангүй харин УИХ-ын дэргэдэх Бодлогын шинжилгээний төв гэсэн судалгааны байгууллагад ажилладаг болчихов. Тэр үед манай байгууллага жижиг статустай, хэн ч тоодоггүй жижиг судалгааны байгууллага байсан тул хэний ч сонирхолыг татдаггүй байлаа. Харин би гэдэг сургууль төгсөөд удаагүй залуу хүн бөөн хүсэл мөрөөдөл. Уг нь чухам мундаг өмгөөлөгч болох мөрөөдөлтэй байсан сан гэтэл юун уйтгарийн судалгааны ажил вэ гэж л бодмоор. Өмгөөлөгчөөр ажиллах чадваргүй, боломжгүй байсан уу гэвэл үгүй. Тэр ч бүү хэл энэ судалгааны байгууллагад ороод тун ч удаагүй байхад Дээд шүүхийн Тамгын газраас “Дээд шүүхийн Тамгын газрын даргын нарийн бичгийн орон тоо гарлаа. Маргааш ирээд ярилцлагад ороодох уу” гэж ярив. Би тэнд материал өгөөгүй дээ. Аав маань өгсөн байсан юм уу яагаад утасдав гэж гайхсан ч ааваасаа ч тодруулж асуусангүй тэндээс ингэж ярилаа ч гэж хэлсэнгүй. “За очноо” гэж хэлээд очсонгүй. Ингээд өөрийн мэдэлгүй Төрийн бодлого боловсруулах, батлах газрын гол судалгааг хийх ёстой газрын ажилтан болчихов. Энэ нь миний хувьд мэдээж хачин сонголт байлаа. Оюутан байхдаа Холливудын кинон дээр гардаг шиг гоё ганган оффист мундаг ажил хэрэгч, ганган дэгжин бөөн амжилтаар гялалзсан том компанийн хуулийн зөвлөх, эсвэл алдар нэр нь цуурайтсан шүүх хурал бүрийг өөрийн ялалтаар төгсгөдөг дэгжин өмгөөлөгч эмэгтэй болох мөрөөдөлтэй байсан миний хувьд баахан хэн ч танихгүй, хэрэгтэй хэрэггүй цаас, сонинд дарагдсан, ихэнх нь настай хүмүүс байдаг, надаас өөр ганцхан хуульчтай, уйтгартай ч гэмээр судалгааны байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан хийх нь  ёстой л тэнэг сонголт байв. Гэвч одоо бодохнээ энэ миний СОНГОЛТ биш харин миний явах ёстой ЗАМ байсан мэт бодогдох болж.

Эхний судалгааны ажлаа авч нухаж эхэлснээр би энэ ажилдаа дуртай, бас хайртай болж харамсах сэтгэл төрөхөө болив. Харин судалгааны ажил хийх тусам илүү сонирхолтой санагдаж, энэ ингээд болохгүй байна, энэ болохгүй байгаа зүйлсийг ингээд болгочих юмсан гэсэн залуу хүний дэврүүн мөрөөдлөөр судалгааны тайлангаа их хурц, шүүмжилсэн өнгө аясаар бичдэг болов. Бас тэр хэрээр хуулийн цоорхой, хэрэгтэй хэрэггүй, чадваргүй олон хууль, хэрэгждэггүй хууль, төрийн бодлого доороосоо эхлээд дээр, дээрээсээ аваад доошоо ямар сэтгэлгүй, ямар хөнгөн хуумгай, ямар их үрэлгэн, үр ашиггүй зардал салхинд хийсгэж, төрийн бодлого иргэнд хүрэхгүй замхарч, иргэний хүсэл төрд хүрэхгүй унаж байгааг уншиж, судалж, уулзаж ярилцан мэдэх бүр сэтгэл зовоосон асуудал болж улмаар энэнд нухацтай хандан аль болох өөрчлөхийг хичээдэг, заримдаа үүнээсээ болж багийхантайгаа ширүүхэн тулах ч үе гарна. Ингээд байгууллагаас гаргадаг улирал тутмын сэтгүүлд монгол төрийн бодлогын гажуудал гэж ирээд ихэд шүүмжилсэн нийтлэл энэ тэр бичиж, ОУБ-аас санхүүжүүлэн Төрийн бодлогын хэрэгжилт, үр ашгийг дүгнэх, мониторинг хийх судалгаануудад хамтрагч хуульч ахынхаа хамтаар чухам хурц хурц шүүмж, дүгнэлт бүхий тайлангуудад бичиж нэг өдөр захирал дээрээ дуудагдав. Захирал маань миний хүндэлдэг хүмүүсийн нэг байлаа. Олон жил төрийн ажлыг хийсэн, эрдэмтэн, доктор гээд хувь хүнийхээ хувьд ч тэр их мундаг гэж үнэлдэг хүндэлдэг хүн маань байв. Захирал дуудаад “За хүү минь эрдэм, шинжилгээ, судалгааны ажил гэдэг чинь Баабарын нийтлэлээс шал өөр зүйл шүү. Чи залуу хүн хэт сэтгэлийн хөөрөлтэй хамаа намаагүй бичиж байна. Судалгааны ажил бол дандаа нотлох баримтан дээр үндэслэн баттай ноттой, хэт нэг талыг барьсан биш, сэтгэл хөөрөл ороогүй, цэвэр судалгааны дүгнэлт байх ёстой. Судалгаа шинжилгээний хэлээр нь бич” гэх мэтчилэн зэмлэв. Би үнэндээ Баабарын нийтлэлийг уншдаг ч үгүй , уншъя ч гэж боддоггүй байсан юм одоо бол бүр ч уншихгүй дэг. Тэгээд жаахан хэгжүүрхэх ч юм уу гомдох юм болж “би худлаа бичээгүй үнэхээр л ийм байна ш д. Хөдөө гадаа яваад хариуцсан хүнтэй нь уулзана мэдэж байгаа, хийж байгаа юм байхгүй, мэдэх хийх боломж нь ч алга, үнэхээр л хэт олон хууль, журам, Засгийн газрын хөтөлбөр батлана. Хэрэгтэйгээсээ хэрэггүй нь их, хэрэгжүүлэх  гэж байгаа нь энэ гээд баахан мөнгө төсөвлөнө, хэрэгжээд өөрчлөгдөөд, хүмүүсийн амьдрал сайжирчихсан юм алга, хариуцсан эзэн нь тодорхойгүй, эсвэл мэдэхээсээ мэдэхгүй нь их байна” гээд олон долоон юм ярив. Гэтэл төрийн ажлыг олон жил хийсэн УИХ –ын даргын зөвлөх хийдэг байсан захирал маань “Наадхыг чинь мэдэхгүй биш мэдэж байна. Тэртээ тэргүй нийгэм даяараа өөрчилж чадахгүй байгаа юм чам шиг хүүхэд өөрчлөнө гэж байхгүй” гээд намайг өрөвдөн ч юм шиг зөөлөн харав. Энэ үг ёстой урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гээч болсон юм даа. Би яагаад ч юм аавдаа гомдож байгаам шиг гомдож билээ. Хоолой зангираад, нулмис цийлэгнээд ирсэн дэг. “Тэгээд угаасаа ийм гээд, хэнч өөрчлөж чадахгүй гээд эвлэрээд чимээгүй явах ёстой юм уу” гэтэл “чи одоо яахав залуу байна аяндаа ойлгоно. Судалгааны тайлангаа төвийг баримталсан төлөв байдлаар бич” гээд гаргав. Энэнээс хойш нэг хэсэгтээ л миний бурууг зөв болгох юмсан, бусдад мэдүүлэх юмсан гэсэн хүсэл унтарч билээ. Харин 2009 онд магистерт сурч “Хууль бүтээх үйл ажиллагаан дахь бодлогын шинжилгээ” сэдвээр дипломын ажил бичихээр болж Төрийн бодлого судлалын талаар нилээд дэлгэрэнгүй судлав. 

Ингэх явцдаа улс болгонд Төрийн бодлогын шинжилгээ гэхээр л иш татагддах Америк Эрдэмтэний номонд ТӨРИЙН БОДЛОГО СУДЛАЛ, ТӨРИЙН БОДЛОГЫН ШИНЖИЛГЭЭ НЬ ЭРТНИЙ МОНГОЛ УЛСААС ҮҮССЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ БӨГӨӨД ДЭЛХИЙН БОДЛОГЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ТҮҮХ МОНГОЛЫН ИХ ГҮРНИЙ ҮЕТЭЙ ЗАЙЛШГҮЙ ХОЛБОГДОХ ТҮҮХЭН БАРИМТУУД БАЙДАГ талаар уншаад маш их баярлаж билээ. Энэ дипломын ажил маань ч хамгийн өндөр үнэлгээ авч зарим сургуулийн номын санд тавъя энэ тэр гэж билээ. Гэхдээ тависан эсэхийг бүү мэд. Гол нь энэ биш.

Гол нь юу вэ гэхээр сүүлийн үед надад Төрийн бодлого гэхээр зөвхөн хуульч, улс төрч эсвэл нийгэм судлаач, социологич хүмүүсийн сонирхдог, мэддэг, ярьдаг зүйл биш харин энэ иргэн бүрийн сонирхдог, иргэн бүрийн мэддэг, иргэн бүрийн ярьдаг зүйл байх ёстой юм байна гэж бодогдох болов. Өөрөөр хэлбэл энд Дээдсийн блогтоо бичсэнчлэн Төрийн төлөө огтоно болгон боож үхэх ёстой гэдэгтэй ижил санаа.

Төрийн бодлого гэхээр л таньд хамаагүй Тэнгэрийн зүйл мэт бодохоо болих хэрэгтэй. Та оюутан сурагч, хөгшин залуу, эр эм хэн байхаас үл шалтгаалан энэ нь иргэн бүрт хамгийн их хамаатай зүйл. Төрийн бодлого л бидний амьдралын хамгийн энгийнээс аваад хамгийн нарийн ширийн харилцааг хүртэл зохицуулж байгаа бөгөөд тэр төрийн бодлогын илрэн гарах хэлбэр болж буй хууль, журам, хөтөлбөрийн үр дүнг бид амьдралаараа мэдэрч, туулж байгаагаа ойлгох хэрэгтэй. Төрийн бодлогыг үр дүнтэй, үнэн зөв, бодитой байлгахын тулд өнөөдөр манайхан Бодлогын судалгаа, шинжилгээ гээд л шинэ юм шиг ярьж, сурах гэж гадаадаас мэдэх мэдэхгүй, чадах чадахгүй, хүсэлтэй хүсэлгүй, зорилготой зорилгогүй олон сургагч, зөвлөх нарыг өндөр үнээр уриад байх  шаардлага байхгүй юм. Гадаадаас ирсэн зөвлөхүүд, Олон улсын байгууллагууд нь Монголд хэрэгтэй, ашигтай үр дүнтэй зүйл хийх нь ховор. Харин ч Монголын төр дархлаагүй, чадваргүй, тархигүй байх нь тэдэнд л ашигтай учраас эсрэг талын мэдээллээр улстөрчдийн болон ТББ-ынхны тархийг угаана. Та бод доо. Монгол төрийн нэгдмэл байх ёстой бодлогууд дандаа хоорондоо зөрчилддөг яагаад гэхээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Бүгд найрамдахчуудын хүрээлэн гээд өөр олон олон Монголын засгийн газарт зөвлөдөг байгууллагуудынх нь үйл зөвлөмж, бодлогоос болж тэр. Жишээ нь зайлшгүй хоорондоо зохицолдож байх ёстой САНГИЙН БОДЛОГО, МӨНГӨНИЙ БОДЛОГО 2 нь бие биенийхээ эсрэг байдаг. Үр дүн нь өнөөдрийн эдийн засаг. Ингээд тоочоод байвал нийгэмийн бүхий л харилцаанд энэ гажуудал байгаа. Хамгийн харамсалтай нь манай сайд дарга нар тэд нарынхаа үгийг туйлын үнэн гэж боддог уу, эсвэл тэгэж бодохыг хүсдэгээс тэр үү Монголын судлаач, эрдэмтэдээ тэнэг , юу ч мэдэхгүй гэнэ.

Гэтэл энэ бүгдийг чинь Монгол өвөг дээдсүүд маш сайн хийдэг байжээ. Бүх юм нь хоорондоо уялдан зохицож байсан учраас бодлого шиг бодлого, хууль шиг хууль гарч, тийм ч учраас хэрэгжсэн шиг хэрэгжиж бүүр зан заншил болон өдөр тутмын амьралд нь хэвшин тогтсон байж. Тэр үеийн АРАВТ, ЗУУТ, МЯНГАТ, ТҮМТ ганц цэрэг дайны зохион байгуулалт байгаагүй бөгөөд засаг захиргааны нэгж байсан гэдэг нь Их Засаг хуульд байдаг. Өөрөөр хэлбэл одоогийн аймаг нийслэл, сум дүүрэг, баг хороо нь тэр үед АРАВТ, ЗУУТ, МЯНГАТ, ТҮМТ байжээ. Энэ бол хамгийн төгс нэгж байсан байна. Яг энэ нэгжээр дамжин Монголын бүх ард түмний санал бодол төрийн түшээдэд хүрч, тэр санал бодлыг нэгтгэж судалсанаар Монгол төрийн бодлого бодитой, амьдралаас урган гарсан, амьдралд нийцсэн үнэн зөв, чадалтай чадвартай гарч батлагдан эргээд яг энэ нэгжээр Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа ард иргэд нь хуулиа баттай хэрэгжүүлдэг байжээ. Яг л судсаар цус гүйж байгаам шиг. Нэг замаар бүгд дээшээ бүгд доошоо хүрэх хүрэх газартаа хүрдэг байж. Энэ бол төгс шийдэл.
Өөрөөр хэлбэл хүн болгон төрийн бодлого боловсруулах батлахад оролцдог байсан тул хууль болон гарсан төрийн бодлого нь яг таг хэрэгждэг байж. Яагаад гэвэл тэр хууль тухайн үеийн амьдралд бүрнээ нийцэж байж. Энэ бол жинхэнэ АРДчилал

Гэтэл одоо. Одоо бол харин эсрэгээрээ. Хууль батлах гэхээрээ Монгол улсын одоогийн байгаа бодит байдлаа судлах биш харин гадаадад ямар байдаг, гадаадын туршлага, яг энэ харилцаа гадаадад ямар байна тэгээд тэрийгээ яаж зохицуулж байгааг нь судлуулахыг төрийн түшээд маань хүсдэг. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр ямар байна, юу болохгүй байна, яагаад болохгүй байна, яаж болгох вэ гэдэг нь сонин биш. Гадаадын тэргүүн туршлага л СОНИН бөгөөд СОДОН.

Монгол хууль, Монгол төрийн бодлого гэж байхгүй. Гадаадын ижил төстэй хууль, хөтөлбөр, төслийг орчуулан эсвэл хуулбарлан хуулж гаргана. Тэр нь Монгол улсын хөрсөнд буухгүй, амьдралтай нь нийцэхгүй, уншаад ойлгохгүй, хэрэглэгдэхгүй, хэрэгжихгүй олон хуулиуд бий болгоно. Гэтэл хуулиндаа ч тэр, онолдоо ч тэр хуулийг хамгийн энгийн үг хэллэг, найруулгаар бичих ёстой, энгийн иргэн, малчин хэн ч уншаад ойлгогдохоор, мэргэжлийн болон гадаад үг хэллэг хэрэглэхгүй байх ёстой гээд л бөөн зарчим бий. Харин бодит байдал дээр хууль болон батлан гаргасан улс төрчид нь өөрсдөө ч уншаад учрыг нь ойлгохгүй, утгыг нь гаргахгүй хууль олон. Тиймээс хэрэглэхгүй, хэрэгжүүлэхгүй. Ингээд МОНГОЛЫН ХУУЛЬ ГУРАВ ХОНОГ гэж даапаалсан ишлэл гарсан биз.

Тэгээд би юуг бодоод, юу хүсээд үүнийг бичих гээд мунгинаа явсан бэ гэвэл. Энэ байдаг л зүйл, хэвшил болон тогтсон гажуудал, алдааг бөөнөөрөө засъя. Ингэхийн тулд хүн бүр энэ тухай боддог байх хэрэгтэй юм байна, хүн бүр оролцдог байх хэрэгтэй юм байна. Оюутан залуус, дунд насныхан, ахмадууд гээд бүгд энд анхаардаг олноороо ярьдэг, хэлдэг шүүмжилдэг, мэддэг байх хэрэгтэй. Ингэхийн тулд нь мэддэг нэг нь буюу нэг хэсэг нь мэдсэнээ, харсанаа, сонссоноо хэлдэг, ярьдаг бичдэг байх нь зөв юм байна гэж бодогдсоор олон сар болов. Бичнэ гэсээр 2 сар өнгөрөв. Хэхэ харин Заргач маань нэг хөндөн бичсэн нь бий. Монгол Төрд Монгол хүний үг, санаа бодол үнэ цэнэтэй байхын тулд, хүчтэй байхын тулд Монголчууд бид ОРОН ЗАЙНДАА ЭЗЭН ЭРХТЭЙ байх хэрэгтэй юм байна гэж бодсоор өнөө шөнө л бичиж байх шив хэхэ.

Өнөөдөр Дээдсийн хэлж байсан та нарын эзэмшсэн мэргэжил, сурч байгаа сургууль, хийж байгаа ажил бүгд учиртай. Та нар өөрийн тэр орон зайндаа оройлон манлайлагч байх ёстой. Яагаад гэвэл залуус та нар л хийнэ. Тийм болохоор сурсан шиг сур, хийсэн шиг хий гэж байнга хэлдэг байсан нь орой руу орж Судрын Хатанд золгосны үрээр эвээ олохгүй байсан эрээвэр хураавар бодлоо багахан ч гэсэн цэгцлэх гэж оролдов.
ЗА ТЭГЭЭЛ ОГОТОНУУД БИД САЛБАР САЛБАРЫНХАА, МЭРГЭЖИЛ МЭРГЭЖИЛИЙНХЭЭ төлөө боож үхэх дөхөөд байждээ. Хэхэ... тэгсэн цагт үр дүн гарахгүй яахав. Үүний л тулд МОНГОЛ ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ ухаанд суралцаад байждээ.
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.