Хаан Хайрхан, Халдун Хайрхан
минь... сайханаас сайхан хангай юм... Үнэхээр сайхан. Би өөрөө жаахан
байхдаа зуны амралтаараа дандаа говьд очиж амардаг байсан болоод ч тэр үү
хангай нутгийг нэг их сайн мэдэхгүй. Хаа нэг булган хангайн нутагт очиж амардаг
байсан ч тун тоотойхон удаа юм.
Үнэхээр үзэсгэлэнтэй, сайхан
хангай юм. Урьд олон жилийн туршид, олон зууны өмнө эцэг өвгөд минь энэ нутагт
яаж амьдарч, юуг юуг туулан байсан бол гэхээс хайрлахгүй байхын аргагүй. Зовсон
цагт ч, ялсан цагт ч энэ л нутгаа тэмцэн, ямар их үйл, ямар их түүхийн гэрч
болон өнөөдрийг хүрээ бол гэж бодохоос сэтгэлийн гүнд гуниг төрж, хүүгээ санаж
хүлээсэн эх хүн оровч гаравч бараа харан уймарч бариж тависанаа мартдаг шиг л сэтгэл
уймран уйлмаар ч шиг болж байлаа. Ер нь хайрханаас гэртээ ирсэн хэд хоногт ч
сэтгэлийн уймраа гарч өгөхгүй хэд хонов. Сэтгэлийн ийм мэдрэмжийн хажуугаар гомдол,
гэмшил хослон намайг зовооно. Хайрхан тахилгаас хойш өөрийгөө нэг сайтар тогтон
шинжих хэрэг гарав.