Tuesday, April 23, 2013

БУУЖ ӨГЬЕ

Юунаас яаж эхлэхээ мэдэхгүй байдаг... Яагаад гэвэл би их ядарч. Бие маань биш сэтгэл их ядарчээ хэхэ. Гэсэн ч бичих хэрэгтэй бололтой.

Сүүлийн үед миний толгой дотор юм уу сэтгэл дотор ч юм уу нэг их “юм” болов. Юу гэдгийг нь хэлж мэдэхгүй болохоор “юм” гэж төлөөлүүлж байгаа юм хэхэ... Уг нь инээх ч юм биш л дээ гэхдээ ингэж бодохоор хэн нэг нь миний дотроос намайг даапаалаад байгаам шиг инээд хүрээд байх юм сонин. Тэр “юм”-ыг хэрвээ ямар нэгэн зүйлтэй дүйцүүлбэл “дайн” л гэсэн үг... Урьд нь хамаагүй бодогдсоноо шууд ярьж, бичдэг байсан би одоо харин үгээ харьцангуй цэнэдэг болж.
... Уг нь миний юу бодох, өөртэйгөө яаж зөрчилдөж, өөртэйгөө ойлголцож чадахгүй байгаа энэ байдал бусдад хамаагүй тул ингэж бичих нь илүү мэт санагдах ч бас нөгөө талаас бичих хэрэгтэй юм шиг бодогдоод над шиг байдалтай байгаа хүн байвал нэмэр болох ч юу магад гэж бодоод бичихээр сууж байна даа.
Өнгөц харахад өөрөө өөртэйгөө зөрчилдөн, өөрийгөө үл ойлгох, яагаад байгаагаа мэдэхгүй мэт боловч үнэн хэрэг дээрээ буурлуудынхаа хэлж ойлгуулах гэснийг нь ойлгож өгөхгүй зөрөөд, төөрөөд,  тэнээд байх шиг байгаа юм.
Хүний санаагаар бол төрсөн хүн сая төрсөн нялхыг эсэн мэнд өсгөх, өөрийн биеэ тэнхрүүлхийг бодон аж ахуйгаа төхнүүлж баймаар. Эхний нэг сар ч яахав гайгүй өнгөрөв. Харин хоёр дахь сар дөнгөж эхлэнгүүт л энэ учир нь үл олдох байдал эхлэв. Ёстой нөгөө Хаан Дээдсийн тухай өвөр Монголчуудын хийсэн киноны дуун дээр
            Тулгаа манасан тайван зүүдийг
            Туурайн чимээ тань сэрээгээд байна.

гэдэг шиг л юм болов. Хаанаас нь юунаас нь татаж чангааж сэрээхээ буурлууд сайн мэддэг юм байна. Миний сэтгэл санаа, оюун бодлоос татаж чангаагаад байж суух аргагүй болов. Эхэндээ өөрийгөө нөгөө төрсөний дараах сэтгэлийн хямрал гээчид нь орж байгаа юм байх гэж бодов хэхэ... Гэвч тэр биш гэж сэтгэл минь хэлээд байв. Энэ мэдээж буурлууд хэлж байгаа хэрэг гэж одоо бол бат итгэх боллоо.  Юм бүрийг буурлуудтай холисон юун айхтар юм гэж бодон дургүйцэх хүн гарч мэднэ. Би ч бас урьд нь тэгэж боддог байсан одоо харин уучлаарай яалтчгүй тийм юм байна лээ.

... За тэгээд би гэгч ямар нэгэн юм хийх хэрэгтэй бөгөөд, тэрийг хийлгэхийн тулд намайг тайван байлгахыг болив. Энэ байдлыг бас нэлээд хямарч байж ойлгож авав хэхэ мөн ч хөлдүү хүнээ. Харин юу хийх хэрэгтэйг шууд хэлээд өгчихнө гэж байдаггүй бололтой. Бүх зүйлийг өөрөө л толгойгоо ажиллуулан ойлгож мэдэх хэрэгтэй бололтой. Тэгэж байж олж авсан мэдлэг өөрт бат үлддэг гэдгийг ч мөн дахин нотолж өгөв. Ингэж ойлгох хүртэл буурлууд минь хичнээн удаа зүглүүлж чиглүүлж, хэлж байсан бол доо. Хэлэхийг нь сонсохгүй, өөрсдийг нь харахгүй,  харах нүдтэй ч харалган сохор мэт, сонсох чихтэй ч солиотой дүлий мэт байх намайг хараад уур нь хүрч байсан болов уу гэж бодох юм. Би хэрэв буурлуудынхаа оронд байсан бол хэлээд хэлээд ойлгохгүй бол хэлэхээ болъёо гээд хаяад явах байсан болов уу. Гэхдээ хүн гэдэг илүү ихийг харж, мэдэх, ойлгох, ухаажих тусам өнөөдөр үнэн зөв гэж бодож байсан нь өөрчлөгдөж, тайван хүлээцтэй болдог байх.  
Ингээд ер тайван байж чадахаа болиод ГЭГЭЭРЭХ ёстой гэсэн юм чинь гээд судар уншиж үзэв. Болдоггүй ээ. Нэг бол унтчихна. Үгүй бол дөнгөж саяхан уншсан мөрөө хэзээ ч уншаагүй юм шиг ой ухаанаас арчигдчихаад ер болдоггүй. Өөрийгөө ойгүй тэнэг болчихож гэж санаагаар унаж шалгаж үзэхээр болов. Албаар түүхэн зохиол сонгон өөрийгөө үнэхээр ойгүй тэнэг болж уу үгүй юу гэж шалгаж үзэв. Гэтэл Судраас хамаагүй зузаан тэр зохиолыг 2 хоногт уншиж дууслаа. Нөгөө судраас ганц 2 мөр харав уу үгүй юу таг унтаад байдаг ч байхгүй шүү. Уншиж байхдаа бас л их юм бодож, бас санаж, ойлгож байснаас гадна ой тогтоолт муудчихаагүй нь мэдэгдэв. Тэгэхээр миний судар хэрхэн уншиж байгаа нь асуудал бөгөөд  гол нь судраас юу ойлгох, ялангуяа надтай, эсвэл манайхантай хамаатай юу байна, тэгээд би тэрийг ойлгож мэдсэнээр цаашид юу хийхээ мэдэх хэрэгтэй байх гэсэн бодол улам л их бодогдох болов.  Өөрөөр хэлбэл ӨӨРИЙГӨӨ ОЛОХ.

Мөн энэ хооронд өргөөний булангуудад тавигдсан бусад улаач нарын буурлуудын сургаалиас өөрийгөө таньж мэд, өөрийгөө ол гэдэг хэсэг нь л их тод үлдэж тэр нь л тодорч харагдаад байсан учрыг өнөөдөр ингэж гэнэт санах гэж хэхэ... Тэнэг хүний ухаан үдээс хойш гэж буурлууд нээрээ агуу юм аа агуу.

За тэгээд энэ хооронд би гэдэг хүн ганцаараа л учраа олох гээд яваад байсан уу гэвэл бас үгүй. Шаналгаа зангаа тависангүй Дээдэс рүү бичиж шаналгаатав хэхэ...Дээдэс намайг яагаад байсныг мэдэж байсан байхаа. Өөрт болон өрөөлд тохиох их олон зүйлийг болоод өнгөрсөний дараа харж, бодож байхад Дээдэс тэр бүхэн болохыг мэдэж байсан юм шиг санагддаг юм. Нэг хэлнэ, хоёр хэлнэ ойлгохгүй бол өөрөө ойлгож мэдтэл нь чимээгүй байдаг юм шиг санагддаг юм зөв буруу эсэхийг бүү мэд. Энэ удаа Дээдэс буурлуудаа буулгаад ундаалаад үз гэв. Өөрөөр хэлбэл буурлуудаа буулгахаар энгийн байхдаа хэлээд байгааг нь ойлгохгүй, ойлгосон ч тэрэндээ итгэхгүй байгаа хүнд нэг зүг чиг гарах нь ойлгомжтой. Тэгээд ундаалж үзэв. Бас л нэг л дутуу, нөгөө намайг тайван байлгахгүй байсан миний хийх ёстой зүйл биш шиг байв. Гэвч зөрөөд бас өөрийн энэ бодолд итгэхгүй дараа 7 хоногт нь дахин ундаалав. Бас л дутуу санагдаад байв. Буусан буурлийн бодлыг тандах гэтэл ямар ч боломж олгохгүй байв. Яг юу ч бодохгүй юм шиг. Хажууд хүүхэд аан уун гэх нь бүүр буух гэж яаруулаагүй гэж байгаа юм шиг. За хөөрхий ингээд би бүүр тэнэгтэж орхилоо хэхэ. Ингэж байхаар шууд л хэлчихдэг бол амар байхгүй юу гэж уур ч хүрэх шиг гэтэл шууд хэлээд байгааг нь би өөрөө сонсохгүй, ойлгохгүй, итгэхгүй байсан уу эсвэл надаар бодож олуулж байгаа нь энэ юм уу гэдгийг сайтар ялгахгүй ч ямартаа ч нэг юм учраа олох шиг болов.

Дээдсийн блогийг уншиж байхад ер нь даалгавар өгөхдөө шууд хэлэхээсээ илүү юу хийх ёстойг нь өөрөөр нь бодуулсан байдаг. Дээдэс дандаа өөрөө бодож олж нээдэг бол бидэнд уг нь Дээдсийн блог гэх бэлээхэн гарын авлага  байхад л над мэт нь эргүүтэж, цаг алдаж ханахгүй юм даа. 

Дээдэс болон, Сор хатан ижий \Сорхугтани бэхи хатан дээдсийг яагаад ч юм нэрийг нь хэлж зүрхлэдэггүй бөгөөд дотроо ингэж хэлмээр бодогдоод байдаг юм\ Шар судар буюу Нүүдлийн соёлоор бадраах судрыг уншаарай гэж бидэнд захисан ч би яагаад ч юм нүүдлийн соёлоор бадраахыг л уншаад байсан юм. Тэндээс нэг хэсэг нь их тод үлдсэн нь магадгүй манай буурлуудтай холбоотой болоод тэр байх гэж бодож байгаа. Бас яг аль судраас нь гэдгийг нь мартсан ч нэг судар дээр нэгэн буурал дээдсийн маань юу хийхийг даалгасаныг нэлээн дээхнэ олж мэдсэн билээ. Тогтоож, мэдэж авсан тэр жаахан хэсгүүдийг холбохоор намайг тайван суулгахгүй байгаа, хийх ёстой зүйл маань гарч ирж байх шиг. Гэтэл би шал өөр зүйлийг хүсээд зөрөөд яваад байсан хэрэг. Учир нь би хамт боссон бусад улаач нарынхаа зэрэгт хүрэхгүй тул тэднийг гүйцэхсэн гэсэн хүсэлд хөтлөгдөн харин буурлууд маань тэр тал дээр нэг их санаа зовохгүй байх шиг. Харин эсрэгээрээ эхлээд энийг судалж, мэдэж, одоо мэдэхгүй байгаа мэдэх ёстой зүйлээ ойлгож мэдэж, хийх ёстойгоо хий гэж байгаа мэт мэдрэмж төрөөд байгаа юм даа. Хамгийн хэцүү нь бодлоор орж ирэх энэ бүхэн буруу биш зөв гэдгийг чихэнд сонсогдтол хэлж өгөхгүй, эсвэл би хэлэхийг нь сонсохгүй нь гачлантай. Ер нь заавал буруу зөвөө хэн нэгнээр хэлүүлдэг тэр дадал зуршил хүнийг тодорхой хэмжээгээр алдахад хүргэдэг бололтой. Бид төрсөн цагаасаа л буруу зөвөө хэлүүлсээр өөртөө итгэх итгэлээ тодорхой хэмжээгээр алджээ. Цэцэрлэг, сургууль, их сургууль, ажил гээд л. Зөв хийсэн байсан ч өөр олон хүн буруу гэвэл зөв нь буруу болж, буруу нь зөв болж хувирдаг болжээ.
Харин ээж минь зөв, буруу гэж шууд хэлж, тулгаж байсаныг нь нэхэн санах гээд ядлаа. Хүүхэд байхдаа хийж байсан буруу зөрүү зүйлийг минь тас хориглож болиулж байсан удаа үгүй байжээ. Би мөн ч их болох бүтэхгүй юм хийж байсан даа. Жишээ нь аавынхаа ганц жинсэн өмдийг бүдүүн найз охиндоо бүр өгчихнө, бүжгийн тэмцээнд орох гээд ээж аавынхаа олж ирсэн юмыг нь гурил будаа, мах шөл, ногоо ер юу л байна өгч болох юм байвал найз нартаа өгөөд мөнгийг нь мандат авахад зарцуулна. Өөрөөр хэлбэл найзын ээж аав нь идэх юм аваад ир гээд найз нарыг дэлгүүр гаргавал манайд ирээд гурил будаа, ногоо, мах аваад мөнгийг бид цуглуулаад мөнгөгүй нэгэндээ тэмцээнд орох мандат авна.  Мөн эгч дүүгийнхээ хайртай хувцас хунар эд хэрэглэл болон өөрөө аав ээжээ шаналгаж авхуулсан юмаа хүнд өгнө эргүүлж авна гэж байхгүй гээд санаж байгаагаас энэ. Мартсан юу ч байгаан бүү мэд. Энэ бүгдийг ээж мэдэж байсан байж  намайг өөр яахыг, аль хүртэл явж байж ойлгохыг харж, бүтэх бүтэхгүй олон хүнтэй найзалж байгааг минь хүмүүсийг таньж мэдэг, хэн ямар байдгийг өөрөө ялгаж салгаж ойлгог, тэр дундаас өөрийгөө олог, өөрөө аливаад дүгнэлт хийх чадвартай болог гээд ажигладаг байснаа сүүлд оюутан болсон хойно хэлж байсан юм. Гэтэл би мэдэгдэхгүй хийгээд байна, би зөв юм хийж байна, би найзууддаа тусалж байна, томчууд биднийг ойлгодоггүй анзаардаггүй гэж боддог байж билээ.

Ингээд бодохоор ээжээрээ дамжуулан буурлуудынхаа  зан ааш, сургах арга барилыг тандаж болмоор.  Үүнээс улбаалаад бодлоо тандах замаар л буурлынхаа хэлэхийг мэдрэх нь хол буруудахгүй мэт санагддаг болов.  Энэ бүхнийг бичиж байгаад анзаарсан чинь сэтгэл хөнгөрчээ. Хэхэ... үргэлжлүүлээд байнаа.
Энийг ойлгох гэж юу боловоо хэхэ... ёстой нөгөө тамир тасрана гэдэг нь л болох шиг боллоо. Сэтгэл дотроо тамираа тасартал тэмцэлдэж байж буурлууд минь бодол, сэтгэлээр минь намайг зүглүүлж, удирдаж байна гэдэгтэй арай гэж эвлэрч, итгэх болов.

БУУЖ ӨГЛӨӨ БУУРЛУУД МИНЬ. Хэхэ... Би ИХ ЗАСАГ хуулийг унших хэрэгтэй юм байна. Зүгээр нэг унших биш нэг бүрчлэн уншаад юу ойлгож мэдэрч байгаагаа олонтойгоо хуваалцан бичих хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгээд бас л бодов. Би одоо бусдаас мэдэх илүү юу байна гэж юугаа бичихийн бол гэж бодов. Тэгтэл ямар ч байсан уншаад нэг нэгээр нь бичих хэрэгтэй мэт байв. Тэгээд за за ямар ч байсан уншаад юу бодогдсоноо л бичье гэж шийдсэнээр сэтгэл санаа овоо нэг юм тайвширав. Хэхэ Зөвхөн энийг ойлгох гэж бүтэн сар ингэж өөрийгөө мангартуулж байх гэж хэхэ... анх бодогдоход нь л хийсэн бол юу гэж ингэхэв. Омголон занг нь дарж ойлгуул гэдэг нь л энэ байх хэхэ...
За тэгээд ИХ ЗАСАГ хуулийг уншиж мэдэх ажлын эхлэл болгож үүнийг бичсэнээр нэг жаахан тайвшрах шиг боллоо. Хэрвээ Их Засаг хуулийг уншихгүй, судлахгүй бол дахиад л намайг ингэж зовоох байх даа хэхэ...Дахиж ингэмээргүй л байна л шүү. Олон хоногоор саатаалгүй, бас боломжоороо хийнээ. Энэ удаад лав би зуун хувь бууж өгсөн. Харин дараа нь бас ямар хэлсэнийг нь ойлгохгүй өөрийгөө зовоох бол гэхээс өөрөөсөө айж байна шүү хэхэ... Нээрээ... Дээдэс явахаасаа өмнө надад “Санаа зоволтгүй. Юмаа бичээрэй” гэсэн 2 өгүүлбэр хэлсэн нь энэ бишүү хэхэ... Бусад улаач нараас муу байна гэж бүү санаа зов. Уншиж мэдэх ёстой зүйлээ уншаад бич гэсэн шиг л ойлгогдож байна одоо бол.
Тээр ингээд л бичиж дуусчихаад зөв болов уу буруу болов уу гэж дахиад л эргэлзэх юм. Энэ эргэлзээ гэдэг тийм ч амар арилахгүй бололтой дог.                                                            

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.